УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10 мянган өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдлаа.
Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ.
Авулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “дасан зохицох чадвар бүхий хот” гэж ямар агуулгатай, 10000 айлын орон сууцыг хаана барих, газар болон бусад зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн эсэх, эдгээр орон сууцыг хэн, ямар үнээр барих талаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь төр бүх асуудалд оролцохгүй дэд бүтцийн асуудлыг шийдэж өгдөг байхаар менежмент хийх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр” төслийн хүрээнд ямар ахиц, үр дүн гарч байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан.
УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ- гишүүн Л.Болд төслийг зөвшилцөх үед гишүүдээс гаргасан саналыг хэрхэн тусгасан талаар эргэж танилцуулж байхад анхаарах, эко-Яармаг төслийг энэ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн ажиллах буруу, цаашид зохион байгуулалтын асуудалд анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдлаа.
| УИХ Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталлаа | ||
| Үзсэн: 497 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.