Шууд Chart

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа

2019-09-13 06:45:13

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэлж, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.  Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр-2” төслийн хүрээнд ямар ажил хийх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгон хэрэгжүүлж буй шаардлагын талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2018 онд соёрхон баталсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хүрээн дэх Хэрлэнгийн хөдөө аралд хэрэгжүүлэх 2 сая долларын төсөл ямар шатанд байгаа, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ, энэ талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийн талаар санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн гэлээ. 

Хууль санаачлагчийн илтгэл болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа.


Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй