Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ.
Хэргийг тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй ) нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оноос 2022 оны хооронд 68 удаагийн үйлдлээр нийслэлийн дүүргүүдийн гэр хороололд байрлах эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх, хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлж, нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оноос 2025 оны хооронд 12 удаагийн үйлдлээр цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.
Б.Ч нь дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ч-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд Б.Ч-г нийт 6 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911,5 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн цахим орчинд “эд зүйл зарна, худалдана” гэсэн зарын дагуу холбогдож, эд зүйл худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандаж, мэдээллийг нягтлах, гэр хороолол, зуслангийн айлууд гэртээ болон хашаандаа дохиолол суулгах, камержуулах, хөршийн холбоотой байх зэргээр анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.
| Олон удаагийн үйлдэлтэй, орон байрны хулгайн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ | ||
| Үзсэн: 145 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.