Шууд Chart

Монгол, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо

2026-07-09 12:32:13

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо.

Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ Монгол, Солонгосын байгаль орчин, ой, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагаа олон жилийн турш итгэлцэл, найрсаг харилцаанд тулгуурлан өргөжиж ирснийг онцоллоо. Тэрбээр үүний нэг тод илэрхийлэл нь “Ногоон хэрэм” төсөл болохыг дурдав.

“Ногоон хэрэм” төслийн эхний үе шатанд шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх зорилтыг хэрэгжүүлж, Төв болон Өмнөговь аймагт нийт 3,046 га талбайд ойжуулалт хийжээ. Мөн 3 мод үржүүлгийн газар, 2 ойжуулалт, сургалтын төв байгуулж, 7900 гаруй мэргэжилтэн, иргэнийг сургасан нь ойн салбарын хүний нөөц, техникийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болсон байна.

Төслийн одоо хэрэгжиж буй гуравдугаар үе шатны хүрээнд Сэлэнгэ аймагт ойн түймрийн эрт илрүүлэх систем, Өвөрхангай, Хөвсгөл аймагт бүсийн мод үржүүлгийн болон сургалтын төв байгуулжээ. Мөн Төв аймаг, Горхи-Тэрэлжид агро ой, хамтын ойн төглийн загвар төслүүдийг хөгжүүлж байгаа нь ойн салбарын тогтвортой хөгжлийн шинэ жишиг болж байгааг онцолсон байна.

Хуралдаанаар “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх хүрээнд санал солилцлоо. 2027–2031 онд хэрэгжих энэ үе шатанд өмнөх ажлуудыг дүгнэж, амжилтыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ойн салбарын шинэ технологи, судалгаа, генетик нөөц, үрийн сан, орчин үеийн мод үржүүлгийн газар, агро ойн аж ахуй, ойн түймрийн менежмент, дижитал технологи болон хүний нөөцийн чадавхыг шинэ шатанд гаргахад анхаарах юм байна.


Монгол, БНСУ-ын ойн салбарын хамтын ажиллагааны 10 дугаар хуралдаан боллоо  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй