УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулсан. Тус хоригийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь, Хууль зүйн байнгын хорооны мөн өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 86.7 хувь нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 2021 оны 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, Д.Ганбат, Н.Ганибал нар асуулт асууж, ажлын хэсэг, Байнгын хороодын дарга нараас хариулт авсан. Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийллээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно” гэсний дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.

Үдээс хойш “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцүүлгийн үеэр авсан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн хоёр цагийн завсарлага дууссан. Иймд Ерөнхийлөгчийн хоригийн талаарх хэлэлцүүлэг үргэлжиллээ. Санал хураалт явуулахад чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 71 гишүүний 53 гишүүн буюу 74.6 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн шийдвэрлэлээ. Иймд “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
“Хуульчдын тайлбараар, Цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хууль эрх зүйн акт, хүчин төгөлдөр баримт бичиг тул түүнд хориг тавих эрх зүйн үндэсгүй гэж байгаа. Гэвч улс төрийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэн үзээд энэхүү хоригийг хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хорооны олон гишүүн хориг тавих эрх зүйн үндэсгүй учир хэлэлцэх шаардлагагүй хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Гэхдээ Улсын Их Хурал дээр дурдсан шалтгаанаар хэлэлцэн, шийдвэрлэлээ” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсгийг үндэслэн гаргаж буй уг тогтоолд Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзэж, уг тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгажээ.
| УИХ: “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” тогтоол батлагдав | ||
| Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.