Шууд Chart

“БИОСАН” цахим мэдээллийн сангийн веб сайт, мобайл аппликейшныг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ

2023-09-19 09:29:02

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас яамны Хүрээлэн буй орчны газар, Кадастрын хэлтэс, БИОСАН баазын хөгжүүлэлтийг хийхэд хамтран оролцох Дэлхийн байгаль хамгаалах сан, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Байгаль орчны мэдээллийн сангийн хэлтэс болон Битсофт компанийн хамтран БИОСАН мэдээллийн сангийн веб сайтыг гар утасны аппликейшн-тэй хамт хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Ингэснээр тусгай хамгаалалттай газруудын төлөвлөгөөт судалгааны мэдээллүүдийг байгаль хамгаалагчид судалгаа хийх явцдаа системд оруулах, судалгаа хийх арга аргачлал сайжрах юм.

Уг мэдээллийн санд Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өргөн хүрээнд ашигладаг 7 арга зүйг оруулсан.

-Замналын мониторинг судалгаа

-Мах идэштэн амьтдын ул мөрийн мониторинг судалгаа

-Тарваганы мониторинг судалгаа

-Шувууны үүрлэлт болон үржлийн амжилтын мониторинг судалгаа

-Нэн ховор, ховор ургамлын мониторинг судалгаа

-Загасны мониторинг судалгаа

-Автомат камерын мониторинг судалгаа

“БИОСАН” цахим мэдээллийн сан, мобайл аппликэйшн ашиглах зааварчилгаа, гарын авлага, судалгаа хийх замнал, байгаль хамгаалагч нарыг бүртгэх, судалгааны арга зүйн сургалтыг “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төслөөс УТХГН-ын мэргэжилтнүүдэд зориулан хийлээ.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газруудад тархан амьдрах зэрлэг амьтан, ургамлын зүйлүүдийн ажиглалтын мэдээ болон тэдгээрийн тархалтын мэдээг цуглуулах, тэдгээр мэдээг нэгтгэн боловсруулах, цуглуулсан мэдээнд дээр үндэслэн дүн шинжилгээ хийж тусгай хамгаалалттай газар нутгуудад биологийн олон янз байдлыг урт хугацаанд хянах, шинжлэх, цаашид тоо толгой, тархац нутаг нь буурч эсвэл тэлж байгаа эсэхийг тогтоон зүйлүүдийн хамгааллын үр дүнг тодорхойлох, цаашид хамгаалахад шаардлагатай арга хэмжээг менежментийн төлөвлөгөөнд тусгах ажил илүү хялбар, хүртээмжтэй болно гэж БОАЖЯ-наас мэдээллээ.


“БИОСАН” цахим мэдээллийн сангийн веб сайт, мобайл аппликейшныг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлнэ  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй