Шууд Chart

“Дархан мазаалай- 2026" бартаат замын уралдаанд 100 гаруй тамирчин оролцож байна

2026-06-14 12:34:16

Дархан-Уул Аймагт тусгай сонирхлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх, соёл, спортын томоохон эвэнт арга хэмжээнүүдээр дамжуулан эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлогын хүрээнд "Дархан Мазаалай - 2026" бартаат замын авто спортын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

Монголын бартаат замын авто спортын холбоо (МБЗАСХ), УИХ-ын гишүүн, АҮЭБ-ын сайд Гонгорын Дамдинням-ын ажлын алба, Дархан-Уул аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй тус тэмцээн нь 2026 оны 6 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд анх удаа орон нутагт болж байгаа.

Энэ удаагийн тэмцээнд мэргэжлийн болон хагас мэргэжлийн нийт 100 гаруй тамирчид дараах 4 үндсэн ангилалд хурд хүч, ур чадвараа сорино.

Үүнд

  •  R1 Pro (Мэргэжлийн үндсэн ангилал)
  •  R2 Pro Modified (Хагас мэргэжлийн, өөрчилж тоноглосон)
  •  R3 Modified (Тоноглосон ангилал)
  •  R4 Truck (Том оврын ачааны автомашины ангилал)

Мөн бүс нутгийн оффроад сонирхогч залуусыг дэмжих зорилгоор Сонирхогчийн ангиллыг нэмэлтээр зохион байгуулж байгаа юм.

Ийнхүү тусгай сонирхлын аялал жуулчлалыг бодлогоор дэмжсэнээр зочид буудал, амралтын газрууд, хоол, худалдаа, шатахуун түгээх станц, үйлчилгээний салбарын болон, орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийг үйлдвэрлэлээс гадна соёл, спорт, залуусын хэмнэлтэй хот гэдгийг сурталчлах том алхам болж байгаа. 

Зохион байгуулагчдын зүгээс авто спорт сонирхогчид, үзэгчдэдээ хандан ил задгай хог хаяхгүй, ил задгай бие засахгүй байхыг анхаарууллаа. Мөн авто спорт нь өндөр эрсдэлтэй тул зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, аюулгүйн зурвасыг чанд баримтлан бартаат замын уралдааныг соёлтой, аюулгүй үзэж сонирхохыг уриалж байна.


“Дархан мазаалай- 2026" бартаат замын уралдаанд 100 гаруй тамирчин оролцож байна   
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй