Шууд Chart

Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

2026-06-12 16:14:59

“Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн III үе шатны төслийн болон зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. /2026.06.12/ Сангийн сайд З.Мэндсайхан, “Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу, ХБНГУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулиц, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны Европ, Ази болон Глобал санаачилгын улс орны хөтөлбөр хариуцсан газрын захирал Клаус Мюллер болон албаны бусад төлөөлөгч оролцлоо. 

Энэхүү төсөл нь ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны 17 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт шинэ дэд станц болон хос кабель шугам барих, мөн одоо ашиглагдаж буй Туул дэд станцыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ. 

Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын төвийн бүсийн цахилгаан түгээх сүлжээний хүчин чадал, найдвартай ажиллагаа сайжирч, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 14 хорооны хэрэглэгчид, тэр дундаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын цахилгаан хангамжийн тогтвортой байдал бэхжиж, 11 мянга гаруй хэрэглэгчийг найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. 

Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хоорондын хөгжлийн хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд амжилттай өргөжин хөгжиж, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.

Мөн Германы Засгийн газар болон Сэргээн босголтын зээлийн банк нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, тэр дундаа эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй