Шууд Chart

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2021-04-01 15:55:46

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын  тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Төсвийн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.  

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хүүхдийн төлөө сангаас зарцуулах зардалд олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын тэмцээн наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа, мөн оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 37.5 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрт нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувийг төвлөрүүлэх санал гаргасныг 37.5 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Хүүхдийн төлөө сангийн зориулалт нь хүүхдийн хөгжлийг дэмжихээс гадна хүүхдийг хамгаалах, оролцоог дээшлүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 43.8 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг 43.8 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан хууль зүйн техник хангуулахаар зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг дурдлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нарын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав. Тэрбээр, хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасныг тэмдэглээд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нарын гаргасан саналуудыг дэмжих шаардлагатай тул чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжихийг хүслээ.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “21.3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.” заалт нэмэх, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлийн 21.1 дэх хэсгийн болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 16.6 дахь хэсгийн “хөгжлийг” гэсний дараа “, хамгаалал, оролцоог” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг төслөөс хасах, төслийн 2 дугаар зүйлийн 21.3.2 дахь заалтын “тив” гэсний өмнө “олон улс,” гэж нэмэх, мөн заалтын “соёл, урлагийн болон спортын уралдаан тэмцээнд” гэснийг “соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд” гэж өөрчлөн, төслийн 1, 2 дугаар зүйлийг нэгтгэн хуулийн техникийн засвар хийх найруулгын саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас төслийн 2 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт буюу Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрт “нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувь”-ийг нэмж тусгахыг санал гаргасан ч Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй учраас санал хураалт явуулсангүй. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 16.6 дахь хэсгийн “Сангийн удирдлага, санхүүжилттэй холбоотой харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг  “16.7.Энэ хуулийн 16.6 дахь хэсэгт заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.”гэсэн хэсэг болгон салгаж өөрчлөн найруулах, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны” гэснийг “Энэ хуулийн 17.3-т заасан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй