Шууд Chart

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

2021-04-01 15:53:28

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийг баримтлан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй хоёр санал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хоорондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 1 зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцлов. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. 

Тухайлбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга” гэсний дараа “хэрэглэж” гэж нэмэх, мөн зүйлийн 7.1.2 дахь заалтын “алдар хүнд, нэр төрийг” гэснийг “үйл ажиллагааг” гэж, 7.1.3 дахь заалтыг “7.1.3.хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг “13.1.Энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хүний эрхийн хамгаалагчийн хорооны дарга байх тухай ажлын хэсгээс гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн тул хууль хоорондын уялдааг хангаж, зөрчлийг арилгах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулан хэлэлцүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 гишүүнийг 6 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 5 гишүүн хариуцаж ажиллах бүрэн боломжтой талаар байр сууриа илэрхийлж, төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэллээ. Ингээд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 


Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй