УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг асуудлыг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн гэж байлаа.
Нэр дэвшигч Г.Дамдинням нь 2004 онд МУБИС-ийг нийгэм судлал, эрх зүйн багш мэргэжлээр, 2005-2007 онд МУБИС-ийг улс төр судлалын магистр, 2013-2016 онд Бритиш Колумбын их сургуулийг уул уурхайн засаглал, бодлого судлалын магистрийн зэрэгтэйгээр тус тус төгссөн. 2008-2009 онд Байгаль орчны сайдын зөвлөх, 2009-2010 онд БСШУ-ны сайдын зөвлөх, 2010-2013 онд ШУТИС-ийн Нийгмийн хөгжлийн проректор, 2015 онд Бритишийн Колумбын их сургуулийн судлаач, 2017 онд “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Гонгорын Дамдиннямыг сонгохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 85,2 хувь нь дэмжсэн тул “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
| Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Дамдиннямыг сонгов | ||
| Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.