Шууд Chart

Нийт зээлийн 28 хувийг Улаанбаатар, 72 хувийг орон нутгийн иргэн, ААН-үүд аваад байна

2021-03-26 17:08:31

Ерөнхий сайд Монголбанк болон банкны салбарын удирдлагуудтай хоёр дахь удаагийн уулзалтыг хийлээ. Энэ үеэр 3 хувийн хүүтэй зээлийн хэрэгжилтийн явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, зээлдэгчдээс ирүүлсэн санал гомдлын талаар ярилцлаа.

Монголбанкнаас өгч буй мэдээллээр 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Ажлын байрыг дэмжих зээлийн статистикаар нийт 75.3 тэрбум төгрөгийг 1,208 зээлдэгчид олгосон байна. Үүнээс Улаанбаатар хотод 21.1 тэрбум төгрөг буюу 28 хувийг, орон нутагт 54.2 тэрбум төгрөг буюу 72 хувийг эзэлж байна.

Банкны төлөөллүүд Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд иргэд, аж ахуй нэгжүүдийн зээлийн хүсэлтээ тодорхой гаргахгүй бол буцаагдах эрсдэл гарч байгааг хэлж байлаа. Тухайлбал зээлийн зориулалт тодорхой бус, олон банкинд нэгэн зэрэг хүсэлтээ өгөх зэргээс шалтгаалж, татгалзах тохиолдол байгаа гэдгийг банкны удирдлагууд хэллээ. Мөн зээлийн зорилго нь иргэн, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой бол зээлдэгчдийн зүгээс хөрөнгө оруулалтын зорилготой санхүүжилт хүсэх тохиолдол цөөнгүй байгааг хэлж байлаа. Түүнчлэн зээлийн барьцаа хөрөнгийн шаардагдах материалуудыг цахимжуулах хэрэгцээ шаардлага байгааг арилжааны банкны төлөөллүүд онцолж байв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Сангийн сайдад өглөө. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоосон үед ч банкны зээл зогсолтгүй үргэлжилж байх зохицуулалт хийх, зээлдэгч заавал банкны салбар дээр 4-5 удаа ирэхгүйгээр цахим хэлбэрээр үйлчилгээгээ авдаг байх нөхцөлийг судалж хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.


Нийт зээлийн 28 хувийг Улаанбаатар, 72 хувийг орон нутгийн иргэн, ААН-үүд аваад байна  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй