Шууд Chart

Косовогийн парламент шинэ засгийн газрыг баталлаа

2021-03-25 12:15:24

Косовогийн бүгд найрамдах улсын парламент Альбин Курти тэргүүтэй шинэ засгийн газрыг дэмжин баталлаа. Сайд нарын танхимын тэргүүн Альбин Курти нь өнгөрсөн 2 дугаар сарын 14-ний өдөр тус улсад болсон парламентын ээлжит бус сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан  зүүний  үзэл баримтлалттай намын тэргүүн юм.

Парламентад болсон санал хураалтын дүнгээр Куртийн  засгийн газар  нийт 120 гишүүний 67 ийнх нь саналыг авчээ. Шинэхэн Ерөнхий сайд Курти засгийн газрын эн тэргүүний зорилт бол "Ковид-19"-ийн цар тахалтай тэмцэх  явдал гэдгийг онцолсон. Одоогоор тус улс коронавирусний эсрэг вакцинжуулалтаа эхлээгүй байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд хүн амынхаа 60 хувийг коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамруулах  хэмжээний вакциныг  тун удахгүй   авах болно хэмээн амалсан  байна.

Мөн Косовогийн Ерөнхий сайд улс орныхоо хөгжил, ардчилал, шударга ёсны төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн Сербийн эрх баригчдад хандаж өнгөрсөнөө мартаж ардчилал тогтоож улс орны нөхцөл байдлаа хэвийн болгохыг уриалсан байна. Косово Сербийн  харилцаа хурцадмал хэвээр  байгаа. Косовогийн  өмнөх Ерөнхий сайд  Абдулла Хоти Сербийн  Ерөнхийлөгч  Александр Вучичтэй  Америкийн экс  Ерөнхийлөгч  Дональд  Трампын зуучлалтайгаар  харилцан   буулт хийсэн  гэрээг байгуулсан юм.

Гэвч  шинэ засгийн газрын тэргүүн Курти  энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлэх  төлөвлөгөөгүй байна. Харин  Европын Холбоо  Косово Сербийн  яриа хэлэлцээг үргэлжлүүлэх зуучлагчийн үүрэг  идэвхтэй гүйцэтгэсээр  байгаа юм.  Белград  Приштинагийн яриа хэлэлцээтэй холбоотой  асуудал эрхэлсэн Европын Холбооны  тусгай  элч  төлөөлөгч Мирослав Лайчак  энэ  сарын эхээр  л гэхэд Сербид айлчилсан билээ.


Косовогийн парламент шинэ засгийн газрыг баталлаа  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй