Шууд Chart

ТББХ: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв

2025-11-11 17:20:46

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.11.11/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5.7-д “Энэ хуулийн 5.1-д заасан жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Зөвлөлийн саналыг харгалзан Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол чуулганаар хэлэлцүүлнэ.” гэж заасныг Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир тодруулж хэлээд, санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн.

Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хийсэн ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь хуулийн дагуу 11 эрх, үүргийг хэрэгжүүлж, үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь бол хурал байдгийг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцолсон. 2024 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу Үндэсний зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулж томилсон байна.

Мөн тус байгууллагын засаглал, шинэчлэлийн бодлогод үндэслэн МҮОНРТ-ийн зохион байгуулалтыг шинэчлэн баталжээ. 2021 оны 12 дугаар сарын 15-нд Үндэсний зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор МҮОНРТ-ийн бүтцийн орон тооны дээд хязгаарыг 794 хүн байхаар тогтоосон байсныг 2024 оны 23 дугаар тогтоолоор 656-гаар тогтоож, нэгжийн бүтэц, орон тоог бол оновчтой болгон бууруулан баталсан гэлээ.

МҮОНРТ-ийн 2023 оны жилийн эцсийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 1.7 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.5 тэрбум төгрөгийн өглөгтэй, 2023 оны жилийн эцсээр 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гээд, 2024 оны төсвийг өндөр алдагдалтай баталсантай холбогдуулан үйл ажиллагааны тэвчиж болох зардлуудыг хязгаарлаж, гадаад, дотоод томилолт, үндсэн хөрөнгийн худалдан авалт зэрэг зардлуудыг тэвчихээр тусгасан хэмээв. 2024 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах, байгууллагад үүссэн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын өр төлбөрийг Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотголд тусгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах үүргийг гүйцэтгэх удирдлагад өгч, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, төсвийн захиран зарцуулалт дээр хяналт тавьж ажилласан гэж байлаа. Мөн тэрбээр, тайлант үед 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсныг оны эцэс гэхэд 580 сая төгрөг болгон алдагдлыг 90 хувиар бууруулсан гэж тодотгоод, МҮОНРТ-ийн нийт орлого, зардлын бүтэц, хөтөлбөр, контентын чанар, техникийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, гадаад хамтын ажиллагаа, санхүү, үр ашиг, гол чиглэлүүдийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн МҮОНРТ-ийн 2021-2023 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланд тусгасан албан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.

Олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны талаар Ерөнхий захирал Г.Гэрэл танилцуулга хийсэн.

Тэрбээр, МҮОНРТ-ийн үйл ажиллагаа Үндэсний аудитын газраас тус байгууллагын 2021-2023 оны үйл ажиллагааны тайланд хийсэн гүйцэтгэлийн аудитын үр дүнгээс эхэлсэн гэж хэлж болно. Энэхүү тайланд тусгагдсан зүйлсийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос МҮОНРТ-д даалгасан. 2024 оны эхний байдлаар 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан үйл ажиллагааг 12 дугаар сарын 31-ний байдлаар 580 сая төгрөгийн алдагдалтай болгон бууруулсан. 2024-2025 онд үйл ажиллагаа, нэвтрүүлгийн сүлжээг шинэчлэн баталсан. Телевизийн тав, радиогийн гурван суваг болон сошиал платформ дахь үйл ажиллагааг жигдэлж, салбар бүрд тохирсон нэвтрүүлгийн бодлогыг сүлжээг баталсан. Үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгүүдийн 32 хувь нь мэдээ мэдээлэл, зургаан хувь нь үндэсний спорт, долоон хувь нь MNB world буюу Монгол Улсыг гадаадад сурталчлах нэвтрүүлэг мэдээ мэдээлэл, долоон хувь нь гадны гэрээт нэвтрүүлэг, хуулийн дагуу хоёр хувь нь хүүхэдэд зориулсан нэвтрүүлэг, найман хувь нь түүх, өв уламжлал, соёл түүхтэй холбоотой нэвтрүүлгүүд байна. Шинжлэх ухаан, залуучуудад зориулсан нэвтрүүлэг долоон хувийг, нийгмийн шинж чанартай цаг үеийн нэвтрүүлгүүд найман хувь, өглөөний болон чөлөөт хөтөлбөр 11 хувь, орчуулгын нэвтрүүлгүүд 10 хувийг эзэлж байна хэмээн танилцуулав.

Түүнчлэн удирдлагын шинэ баг томилогдоод нээлттэй өдөрлөгийг хагас сар зохион байгуулж, олон нийтээс саналыг нь авч хөтөлбөрийнхөө бодлогод тусгасан талаар болон орон даяар шууд дамжуулсан үйл ажиллагаа, гадаад контентуудын талаар мэдээлэл өгсөн.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, МҮОНРТ нь үйл ажиллагааны тайлангаа цахим хуудсанаа байршуулаагүй, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, өнгөрсөн дөрвөн жилд улсын төсвөөс үзүүлсэн 30 гаруй тэрбум төгрөгийн дэмжлэгт Үндэсний аудитын газраас тогтмол аудит хийлгээгүй байгааг дурдаад, Байнгын хороонд танилцуулсан тайланг Үндэсний зөвлөл хэдийд хэлэлцэж, хэдэн хувийн саналаар баталсныг тодруулав.

Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон ч  хуралдаанд оролцсон тус зөвлөлийн гишүүдийн олонх хэлэлцэхгүй, хойшлуулья гэж шийдсэн гэсэн хариултыг өгсөн юм.

УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Үндэсний зөвлөл дэргэдээ байгуулна гэж заасан ч одоог хүртэл байгуулаагүй талаар, ажилтнуудынхаа цалинг 40 хүртэл хувиар үндэслэлгүйгээр бууруулсан асуудлыг тодруулж лавласан. Мөн тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлыг сайжруулах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, улс төрөөс ангид байх зарчмыг хангах үүднээс хоёр шаттай ажил хийх ёстой хэмээгээд, хамгийн түрүүнд Нийтийн сонсголын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хийх саналтай байгаагаа илэрхийлсэн.

Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зөвлөх үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулаагүй гэж мэдэгдээд, Үндэсний зөвлөл тухайн жилийнхээ төсвийг батлаад, түүндээ үндэслэн ажилтнуудын албан тушаал, бүтцийн дагуу цалинг нь баталдаг. 40 хувийн цалин хассан асуудлаар гүйцэтгэх удирдлага хариулт өгөх байх хэмээсэн.

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлого, хэрэгжүүлэх зохион байгуулалт, бүтэц, менежменттэй холбоотой асуудалд ямар сорилт тулгарч буйг асуув.  

Үндэсний зөвлөлийн дарга Н.Монсор, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль 2005 онд батлагдсанаас хойших 20 жилийн хугацаанд тулгарсан гол сорилтуудын нэг нь орлоготой холбоотой асуудал. Орлогын эх үүсвэр тодорхойгүй байхаар тогтворгүй байдал үүсэх эрсдэл бий болдог. Манай байгууллагын орлогын 40-50 хувь нь төсвөөс хараат байдаг. Гэтэл үүнээсээ тануулчихвал байгууллагын үйл ажиллагаанд эрсдэл үүсдэг. Анх 1998 онд хураамжийн орлогыг тухайн үедээ нэг ам.доллар байхаар дүйцүүлж тогтоосон. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 66 дахин нэмэгдчихсэн байхад Монгол Улсын соёлын өвийг тээгч байгууллагын хураамж хэвээрээ байгааг эргэн харах нь зүйтэй байна гэлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиа яаралтай шинэчлэх хэрэгцээ, шаардлага байна. Анхаарах ёстой нэг асуудал нь энэ байгууллага олон нийтийнх үү, төрийнх үү гэдгийг тодорхой болгох. Олон нийт төр өөрийнхөө хүссэн мэдээллүүдээ нэвтрүүлж байна гэсэн хардалттай байна гээд, Үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж байгаа байдал энэ хардалтыг бий болгож буйг тодотгосон. Тиймээс төрийн оролцоог бууруулах, зайлшгүй хийх шаардлагатай өөрчлөлтүүдийн талаар ярилцах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, МҮОНРТ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болж ажиллах үндсэн чиг үүрэгтэй, төрөөс санхүүгийн дэмжлэг авч ажиллаж буйгаараа бусад арилжааны телевизүүдээс ялгаатай.

Тиймээс олон нийтийн гэдэг бодлогыг барьж ажиллах нь Үндэсний зөвлөлийн гишүүдийн үндсэн чиг үүрэг. Зөвлөлийн гишүүдийн хэн хэн нь сонгогдсон субъектынхаа талаас асуудалд хандаж болохгүй гэдгийг сануулаад, УИХ ч үүнд анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүн Ө.Шижир танилцууллаа.

Ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэг албан уулзалт, нэг хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнд захиалга өгч “Төрийн хяналт, шалгалтын харьцуулсан судалгаа: хүнс, эм, барилга, уул уурхай, цөмийн энергийн салбар” судалгааг хийлгэжээ.

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа яам, агентлагуудын төлөөллийг оролцуулсан өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлж, тэдгээрийн илтгэл, мэдээллийг сонссон. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хяналт үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын төлөөллүүдтэй албан уулзалт хийж, төрийн хяналт шалгалтын тогтолцооны шинэчлэлийг цаашид хэрхэн төгөлдөршүүлэх талаар санал солилцсон хэмээлээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Төрийн хяналт шалгалт нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон хуульд заасан эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалтаас бүрдэнэ” гэж,  3.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн хяналт шалгалт, Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын хяналт болон Төрийн аудитын байгууллагатай холбогдсон харилцааг тус тусын хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзвэл аливаа төрийн байгууллага, албан тушаалтнаас явуулах хяналт шалгалтыг төрийн хяналт шалгалтад хамааруулахаар өргөн хүрээнд хуульчилсан бөгөөд тус тусын хуулиар зохицуулснаас үлдсэн харилцаа нь буюу салбарын хяналтын үйл ажиллагаа (хуучнаар мэргэжлийн хяналтын)-г  энэ хуулиар зохицуулж байна.  

Захиргааны хяналт буюу мэргэжлийн хяналтын гол онцлог нь хууль тогтоомжийн биелэлтэд мэргэшсэн байгууллагаас тавих хяналтын үйл ажиллагаа бөгөөд хөндлөнгийн хараат бус байх, хосолмол байх, шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгахын тулд албадлага хэрэглэх эрхтэй байх зэрэг гол шинжийг агуулна. 

Гэтэл салбарын хяналтын үйл ажиллагаанд дараах асуудал тулгарч байна. Үүнд:

1.Хяналт, шалгалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хангалтгүй байна. Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 1.6-д “Хяналт шалгалтын нэг объектод хэд хэдэн хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт хийх бол эдгээр байгууллага хяналт шалгалтыг хамтран төлөвлөж, зохион байгуулах зарчмыг баримтална.” гэсэн заалт хэрэгжихгүй байна.

2.Хяналт шалгалтын мэдээллийн шилэн хяналтын нэгдсэн систем ажиллахгүй болсон байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.1.2-д заасан “Хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг хөтлөх” ажил хэрэгжилт хангалтгүй шилэн хяналтын нэгдсэн цахим систем шинэчлэгдээгүй, цахим систем ажиллахгүй байгаа нь хяналт шалгалтын мэдээллийн нэгдсэн сан бүрдэхгүй, хяналт шалгалтын статистик тоон мэдээлэл гарахгүй, гүйцэтгэлд дүн шинжилгээ хийх боломжгүй нөхцөл үүссэн байна.

3.Хяналт шалгалтын хэлбэр шалгах, торгох руу илүү чиглэсэн. Зөвлөх, туслах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа нь байхгүй болсон.

4.Аж ахуйн нэгж байгууллагад төрийн хяналт шалгалтаас хамаарсан хүндрэл бэрхшээл нэмэгдсэн. Судалгаанд хамрагдсан 4 байгууллага тутмын нэгд (26.4 хувь) нь хяналт шалгалтын улмаас тухайн байгууллагад ямар нэг хүндрэл бэрхшээл учирсан гэж хариулсан байна. Учирсан хүндрэлийг авч үзвэл хяналт шалгалтын бичиг баримтын давхардал (хяналтын хуудас), 2-3 газраас нэг сард давхардаж ирэх, хяналтын процесс удаан гэх мэт хүндрэлүүдийг дурдсан байна.

Төрийн хяналт шалгалтын тогтолцоог сайжруулахад нийт 72 хуульд өөрчлөлт оруулах саналыг Засгийн газрын холбогдох байгууллагуудаас гаргасан. Учир нь хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил их байна. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Байгалийн ургамлын тухай хууль зөрчихөд улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч арга хэмжээ авахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.27-д заасан боловч салбарын хуульд нь буюу Байгалийн ургамлын тухай хуульд нь үндсэн зохицуулалт нь байхгүй.

Өнөөдөр салбарын хяналт шалгалтыг явуулахад улсын байцаагч нь тухайн салбарынхаа хууль тогтоомжоос гадна, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг шууд хэрэглэх болж байгаа нь хууль хэрэглээний хувьд мөн төвөгтэй байдлыг үүсгэдэг байна. Нийтлэг байдлаараар хууль тогтоомжийн болон төрийн захиргааны чиг үүргийн давхардал, хийдэл, зөрчил их байна хэмээн дурджээ.

Ажлын хэсгээс манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа, яаралтай гарц шийдэл хайж байгаа хүнс, эм, барига, уул уурхай, цөмийн энергийн салбарын хяналтыг Гүрж, Казахстан, Узекстан, Эстони, Японы улсын жишээн дээр судлан үзжээ.

Тухайлбал, хүнсний салбарт-Эстони улс Европын холбооны нэгдсэн тогтолцоотой уялдсан төвлөрсөн системтэй, Япон, Казахстан олон шатлалт тогтолцоотой байв. Гүрж төвлөрсөн бус тогтолцоотой бол, Узекстан олон улсын жишигт нийцүүлэх шинэчлэлийг хийж буй бол эмийн салбарт олон улсын байгууллагууд (ДЭМБ, PIC/S, ICH) болон бүс нутгийн хамтын ажиллагаа (Европын холбоо, Евроазийн эдийн засгийн холбоо) голлох нөлөө үзүүлжээ. Япон, Эстони улс олон улсын стандартад нийцсэн, төвлөрсөн хяналтын тогтолцоотой бол Казахстан, Гүрж, Узбекстан улсуудад олон улсын жишигт нийцүүлэх ажил явагдаж байна. Улс орнууд эмийн чанар, аюулгүй байдал, үр нөлөөг хангах зорилгоор GxP (Good and Practice) буюу “сайн туршлага” олон улсын стандартыг нэвтрүүлж байна хэмээн ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдсан байлаа.

Түүнчлэн барилгын, уул уурхайн, цөмийн энергийн салбарын хяналтын талаарх жишээг өгүүлээд, ажлын хэсгийн саналыг танилцуулсан.  Уг саналд:

1.Хууль тогтоомж, бүтэц тогтолцооны давхардал, хийдэл, зөрчлийг арилгах үүний тулд шинэ үзэл баримтлалыг гаргаж ирэх. Шинэчлэлийн үйл ажиллагаанд зөвхөн салбарын албан хаагчдаас гадна энэ талын мэргэшсэн судлаач, эрдэмтэд, мэргэжлийн сургалт, судалгааны байгууллагуудыг татан оролцуулах;

2.Хууль тогтоожийг шинэчлэх хүрээнд төрийн хяналт шалгалтын бүх байгууллагуудын хувьд өнөөг хүртэл маргаантай, нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа нэр томьёог цэгцлэх. Тухайлбал: хяналт-шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалт, мониторинг, аудит, үнэлгээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа гэх мэт нэр томьёо, ухагдахууныг нэг мөр ойлгож хэрэглэх, хэвшүүлэх (Inspection, Investigation, Supervision, Control, Monitoring, Evaluation, Oversight) Нэр томьёог тодорхой болгосноор үйл ажиллагаа тус бүрийн арга хэрэгсэл, зорилго, зориулалт, хамрах хүрээ, объект, субъект нь тодорхой болно.

3.Ажлын хэсгээс тодорхой хууль тогтоомжийн төсөл боловсруулаагүй болно. Учир нь ажлын хэсэг салбаруудын оролцоотой хэлэлцүүлгийн үр дүн болон судалгааны материалууд, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцахад төрийн хяналт шалгалтыг боловсронгуй болгоход 72 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байна. Монгол Улсад төрийн хяналт шалгалтыг явуулах үндсэн үзэл баримтлал тогтоогүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа тохиолдолд Улсын Их Хурлаас тийм тооны хуулийн төслийг дангаар санаачлан боловсруулах боломжгүй юм. Мөн салбарууд өөр өөрсдийн чиглэлээр асуудлыг харж дүгнэж байгаа өнөөгийн нөхцөлд хууль тогтоомжийн уялдаатай байдлаас гадна тус тусын хуулиар төрийн хяналтыг явуулдаг бусад бүтцийн байгууллагын чиг үүрэгтэй хэрхэн уялдах зэргийг сайтар бодож, боловсруулах шаардлагатай.

4.Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт, саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг судлан, хамтран ажиллах замаар үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зүйтэй хэмээн дурджээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


ТББХ: Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй