Шууд Chart

Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ

2026-05-26 12:40:27

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Стивен Дауст, Хөгжлийн хамтын ажиллагааны албаны дарга Жан-Стефан Кутюр нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд гарсан ахиц, дэвшил, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон СОР17 хуралд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
 
Ноён Стивен Дауст Монгол, Канадын хамтын ажиллагаа уул уурхай, хөрөнгө оруулалт, боловсрол, ардчилсан засаглал, байгаль орчин зэрэг салбарт түлхүү хөгжиж ирснийг уулзалтын эхэнд онцлов.
 
Түүнчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль орчны сорилт, эдийн засаг болон нийгмийн салбарт тулгамдаж буй асуудлууд нь харилцан төстэй байгааг тэмдэглээд, цаашид тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, инновацын чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
 
Канад Улс нь Монгол Улсад 1970-аад оноос хойш хамтын ажиллагааны хүрээнд нийт 500 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайлбал, Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй ECCO-FARM төслийн хэрэгжилтийг мөн онцлов.
 
Уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүдийн дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, ухаалаг хөдөө аж ахуй, байгальд суурилсан шийдэл, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжиж байна.
 
Төслийн хүрээнд судалгаа, мониторинг, нэмүү өртгийн сүлжээ, орон нутгийн чадавхжуулалт болон Канад Улсад туршлага судлах үйл ажиллагаа хэрэгжиж байгааг талууд тэмдэглэв.
 
Түүнчлэн Канад Улсын талаас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ын үеэр франц хэлтэй төлөөлөгчдийн оролцоог дэмжих, хурлын зохион байгуулалтыг олон улсын оролцоонд илүү хүртээмжтэй болгох зорилгоор тус хурлын сайн дурын ажилтнуудад франц хэлний сургалт зохион байгуулахаар ажиллаж байгаагаа танилцуулав.
 
Англи, франц хэлийг албан ёсны хэлээр хэрэглэдэг Канад Улсын энэхүү дэмжлэг нь COP17-ын бэлтгэл ажилд чухал хувь нэмэр оруулах юм.
 
Харин БОУАӨ-ын сайд Ц.Сандаг-Очир Монгол-Канад Улсын уламжлалт найрсаг харилцаа, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ноён Стивен Дауст болон Элчин сайдын яамны нийт хамт олонд талархал илэрхийлэв.
 
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, ойжуулалт, байгальд суурилсан шийдлийг дэмжих чиглэлээр хоёр улс олон улсын байгаль орчны механизмын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.
 
Уулзалтын төгсгөлд талууд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутаг, ойжуулалт, байгальд суурилсан шийдэл, хариуцлагатай уул уурхай, газрын нөхөн сэргээлт болон олон улсын байгаль орчны механизмын хүрээнд хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
 
Мөн СОР17 хуралд үр дүнтэй хамтран ажиллахаар тохиров гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 
 
Нийтэлсэн: COP17

Элчин сайд Стивен Дауст СОР17 хурлыг дэмжихээ илэрхийллээ  
Үзсэн: 41 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй