Шууд Chart

Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

2026-05-25 16:56:34

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны 5 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.

- Х.Д нь ... аймгийн ... сумын төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг, мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй, шалгалтад тэнцсэн мэтээр гэрчилгээг гаргуулан авч, улмаар худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж, өөртөө давуу байдал бий болгохын тулд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэнд хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

- Д.Ө нь ... дүүргийн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр өөртөө 8 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, мөн Г.Ш-ийг авто баазад жолоочоор томилж, 2025 оны 5 дугаар сараас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаагүй байхад нь 21 сая төгрөгийн цалин олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Ж нь ... амаржих газрын даргаар ажиллаж байхдаа Удирдах зөвлөлийн 2018.10.09-ний өдрийн №15 хуралд “харьяаллын бус төрсөн эхчүүдээс тус бүр 150,000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах” саналыг гарган дэмжүүлж, улмаар 2018-2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд харьяаллын бусаар төрөх эхчүүдээс өргөдөл, хүсэлт гаргуулан 150,000 төгрөгийн төлбөр авах хууль бус үүргийг бусдад өгч, нийт 65 сая төгрөгийг төвлөрүүлэн бэлнээр хүлээн авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ

- М.Ч нь Б.У-тай бүлэглэн Бүгд Найрамдах Турк Улсаас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг эд зүйл дотор нуун, олон улсын илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн, улмаар М.Ч нь Б.Т-тэй бүлэглэн бусдад худалдаалах зорилгоор ... аймаг руу хууль бусаар тээвэрлэсэн, хадгалсан хэрэгт,

мөн М.Ч нь дээрх хэрэгт цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа, оргон зайлж, бусдын гадаад пастортыг ашиглан хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах), Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;

- Г.С нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Э.У нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Г.Б нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинол агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Г нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн II жагсаалтад багтсан, "MDMB-4en-PINACA"-ийн агууламж бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

- Б.М нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй, хүний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрөөгүй "Pabloon Gold A” гэх нэршилтэй эмийг гадаад улсаас импортолсон, бусдад худалдахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх худалдах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;


Өөртөө давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ  
Үзсэн: 79 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй