Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Олон улсын номын баярт Оросын Холбооны Улсын Уран зохиолын орчуулгын онол, практикийг сурталчлах бие даасан ашгийн бус байгууллага болох "Орчуулгын хүрээлэн"-гийнхэн хүрэлцэн ирээд байгаа билээ.
Өнөөдөр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков Орос номын асарт морилон ирж нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Тэгвэл, өнө мөнхийн хөрш Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцох Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал өнөөдөр 13.00 цагаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах Эрдмийн ордонд ажлаа эхэллээ.
Энэхүү хурлаар утга зохиолын орчуулагч, хэвлэн нийтлэгч, зохиолч, шүүмжлэгч нар Оросын уран зохиолыг гадаад хэл рүү орчуулахад тулгамдаж буй асуудал, хэтийн төлөвийн талаар хэлэлцэхээр ирнэ. Тодруулбал, Оросын орчин үеийн уран зохиолын орчуулга бусад улс орнуудын утга зохиолын орчуулгад ямар байр суурь эзлэж буй, орос хэлнээс бусад гадаад хэл рүү, бусад хэлнээс орос хэлнээ уран зохиолын бүтээлүүдийг хөрвүүлэхэд тохиолддог ерөнхий ба онцгой бэрхшээлүүд, утга зохиолын орчуулагчийг анхлан бэлдэхэд баримталж буй орчин цагийн Оросын болон бусад гадаад орнуудын туршлагыг хөндөн илтгэлүүд тавигдах юм.
Түүнчлэн, хурлын үеэр судалгаа, эрдэм шинжилгээний хамгийн анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургууль Монголын талаас, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын Холбооны Улсын "Орчуулгын хүрээлэн" Оросын талаас утга зохиолын судалгаа, орчуулгын онол, практикийг шинжлэх ухааны салбарт хөгжүүлэн хамтран ажиллах санамж бичиг үзэглэх болно. Уг үйл явдал Сүхбаатарын талбайн зүүн талын Эрдмийн ордны 15 давхарт 14:50 цагаас болно.
| ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиков номын баярт оролцлоо | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.