Шууд Chart

Д.Сүхбат: Өршөөлөөр суллагдсан иргэд санхүүгийн дэмжлэг авч, бизнес эрхлэх боломжтой

2015-12-17 11:27:52

Ажиллах хүчний гуравдугаар улирлын судалгаагаар улсын хэмжээнд 75 мянган иргэн ажилгүй байна. Тэдний 45 мянга нь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудад бүртгүүлж ажил хайж байгаа юм. Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажил хайж байгаа иргэдэд тулгарч байгаа бэрхшээл болон ажил олгогчоос тавьж буй шаардлага ямар байдаг талаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сүхбатаас тодрууллаа.


-Сүхбаатар дүүргийн хувьд ажлын байрны захиалга хэр байна?

-Манай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжин он гарснаас хойш 2800 гаруй хүн ажилд орсон. Одоо дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 2500 гаруй ажлын байрны захиалга байна. Ихэвчлэн улирлын чанартай ажлын байрны захиалга ирдэг. Өвөл үйлчилгээний чиглэлийн ажлууд давамгай байдаг бол зуны улиралд барилгын ажлын захиалга ихэсдэг.

-Ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагад нийцсэн боловсон хүчин хэр их байна вэ. Тэдний гол шалгуур юу байдаг вэ?

-Ажил олгогчид өндөр шалгуур тавина л даа. Тухайн байгууллагын өөрийн үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалаад ажилд авах хүмүүсээ аль болох ажлын туршлагатай байхыг шаарддаг. Дийлэнх нь 1-2 жил ажилласан ажлын туршлагатай хүмүүсийг  ажиллуулах сонирхолтой байдаг. Энэ нь эргээд дээд сургуулиа дөнгөж төгссөн залууст хүндхэн даваа болдог. Нөгөө талаас залуус маань их, дээд сургуульд суралцаж байхдаа онолын талын мэдлэг давамгай олж авдаг ч практик талын туршлага бага байгаагаас туршлагагүй гэх үнэлгээ авч, ажил олгогчдын сэтгэлд нийцдэггүй. Тиймээс залуус ажлын туршлагатай байхын тулд ажлын талбар дээрээ гарч дадлагажих хэрэгтэй байгаа юм.

-Зарим ажил олгогч залуусыг тодорхой хугацаанд туршилтаар ажиллуулдаг ч Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх тохиолдол их гардаг.  Энэ мэт залуусыг сэлгэж, ажлаа үнэгүй хийлгэх тохиолдол зарим газар ажиглагдах юм?

-Тийм тохиолдол их байгаа. Ажилтныг хоёр ба түүнээс дээш хугацаагаар цалингүй ажиллуулж, хөдөлмөрийг нь мөлжих тохиолдол байдаг. Ихэвчлэн үйлчилгээ, харуул хамгаалалт,  борлуулалтын чиглэлээр ажилд орсон хүмүүс дээрх байдлаар хөдөлмөрөө мөлжүүлэх нь элбэг. Тэд өөрсдөө хохирлоо барагдуулах гэж хичээдэггүй, гомдол гаргахгүй орхих нь ажил олгогчид бусдын хөдөлмөрийг мөлжих явдлыг даамжруулж байна гэж үзэж байгаа. Хэрэв ийм тохиолдол гарвал дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст хандаж болно.

-Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс танайд хандаж байна уу. Энэ чиглэлээр ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа вэ?

-Сүхбаатар дүүргийн тухайд Өршөөлийн хуулиар суллагдсан 98 хүн байгаа. Тэднээс судалгаа авахад зарим нь хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж санхүүгийн дэмжлэг хүссэн. Зарим нь түр амарч байгаад ажил хиймээр байна гэсэн. Одоогийн байдлаар 10 хүнийг ажилд оруулахаар ажил олгогчидтой ярилцаад байна.

- Ихэвчлэн ямар ажлын байрны захиалга ирж байна. Хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүст санхүүгийн дэмжлэг олгох боломж бий юу?

-Үнэхээр ирүүлсэн хүсэлт нь боломжтой бол бидний зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлээд бизнесийг нь дэмжих болно. Манай монголчууд ер нь гарын ур дүйтэй хүмүүс. Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсийн дунд судалгаа явуулахад гутал сайн хийдэг хүн байна. Авто засварын үйлчилгээ эрхлэх боломжтой залуус төдийгүй чулуугаар хөөрөг урладаг хүн байх жишээтэй. Манай дүүрэгт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдэд хамрагдаад 3 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах бололцоотой.

-Өршөөлөөр суллагдсан иргэд санхүүгийн дэмжлэг авч бизнес эрхлэлээ гэхэд үүнийгээ хэрхэн буцаан төлөх вэ?

-Санхүүгийн тусламжийн хувьд эргүүлээд 50 хувийг нь төлдөг. Өөрсдийн боломжоос шалтгаалж сар бүр хуваагаад төлж болно.

-Танай дүүрэг энэ жил хэдэн Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэв. Ямар шалгуур тавьж байж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм бол?

-Бид бүхэн эхлээд бизнес эрхлэгчдээс төсөл шалгаруулж авдаг. Шалгарсан төслөөсөө сонгоод санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь, энэ жил манай Хөдөлмөрийн хэлтэс Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг 97 орчим  сая төгрөгийн санхүүжилтээр дэмжсэн.  Нийт 319 төсөл хүлээн авч, 85 төслийг нь шалгаруулсан. Иргэдэд тавих шалгуурын хувьд тухайн иргэн банкны барьцаа хөрөнгөгүй, зургаан сараас дээш ажилгүй, орлогогүй байсан бол санхүүжилт өгөх бололцоотой.

-Залуучуудын хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Бид залуусынхаа дунд тендер зарлахад 5 төсөл хөтөлбөр шалгарсан. Тэр дундаас Үйлдвэр урлалын сургуулиас 3 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эхний ээлжинд нэг төсөлд 10 хүртэлх сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Нийтдээ 3 төсөлд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр ярьж байна.

Ярилцсан Г.Уранхишиг

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Д.Сүхбат: Өршөөлөөр суллагдсан иргэд санхүүгийн дэмжлэг авч, бизнес эрхлэх боломжтой   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй