Үерийн эрсдэлээс сэргийлж хөдөлгөөнт Завьт эргүүл болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын улмаас 105 иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүний 83 нь насанд хүрэгчид, 22 нь хүүхэд байна.
Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд Туул гол дагуу аялж, зугаалах нь нэмэгддэг. Үүнээс шалтгаалан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орох, мөн эцэг, эхийн хараа хяналт суларснаас бага насны хүүхэд усанд эндэх тохиолдол бүртгэгддэг.
Иймд аялал, зугаалгын улирал эхэлж буйтай холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Усыг бүү бас” аяныг улсын хэмжээнд эхлүүлээд байна. Уг аян гурван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд эрсдэлийг үл тоомсорлох бус, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө хамгаалах мэдлэг, дадал, соёлд суралцахыг иргэдэд уриалж байгаа юм.
Мөн нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 1500 орчим айл өрхөд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчид мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, нийслэлд үерийн ус тогтдог 163 байршилд ус соруулах төхөөрөмжийг байршуулан бэлэн байдлыг хангаж ажиллаж буй.
Сүүлийн жилүүдэд иргэд гол, усанд орохдоо зориулалтын бус хийлдэг гудас ашиглах, хүүхдээ тоглуулах зэргээр эрсдэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Амьтны дүрстэй болон энгийн хийлдэг гудас нь аврах зориулалтын хамгаалах хэрэгсэл биш учраас хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяр: Дулааны улиралд гол усны осол нэмэгдэг. Нийслэлийн хэмжээнд дулааны улиралд өдөрт дунджаар голын эргээр 5000 орчим иргэд цуглардаг, 2500 орчим автомашин техник хэрэгсэл цуглардаг гэсэн тооцоо судалгаа байдаг. Иймээс мэргэжлийн байгууллагаас осол гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Гол уснаас урьдчилан сэргийлэх завьт эргүүлийг үйл ажиллагааг 2014 оноос 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд 2026 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15 хүртэл зохион байгуулж ажиллана. Завьт эргүүлийг зохион байгуулснаар гол усны ослыг дуудлагыг 35-40 хувиар бууруулж байгаа. Мөн иргэд олон нийтэд учрах хохирлыг 15 орчим хувиар бууруулдаг дүр дүнтэй ажил юм. Энэ жил Багануур дүүрэгт Хэрлэн гол, Налайх дүүрэгт Тэрэлжийн гармаас эхлээд 40 км, Улаанбаатар хотод Туул голын дагуу 50 км завьт эргүүлийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Одоогийн байдлаар дүүргийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагууд оролцуулсан үерийн далан инженерийн байгууламжийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Мөн хороодын засаг нартай хамтарч голын ай сав эрсдэлтэй бүсэд буусан айл өрхийн судалгааг гаргаж, зөвлөж хүргүүлж байна.
| Д.Хадбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 1500 орчим айл өрх амьдарч байна | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.