
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай, нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага тойруу хэсгийн хот байгуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах тухай зэрэг 14 асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлж буй.
Энэ талаар НЗД-ын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор нийслэлд “Ногоон” болон “Шар” бүсүүдийг тогтоосон. Ногоон бүсэд 103.090 өрх, шар бүсэд 67.765 өрх хамрагдаж байгаа. Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж байна. 2026 онд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах “Ногоон бүс”-д хамаарах 46080 өрхийг нэмэгдүүлж, нийт 51080 өрхийн гэр болон байшин сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно. 2028 онд “Ногоон бүс”-д хамаарах 103090 өрхийг хатуу түлшний хэрэглээнээс халж, хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбохоор төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлш авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаална. Хагас коксон түлшний хүхэрлэг хийн хэмжээ сайжруулсан түлшнийхээс 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 68 хувиар бага аж. Хагас коксон түлш түлснээр агаарын бохирдол 45-50 хувь хүртэл буурах боломжтойг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар төлөөлөгчдийн асуултад хариулах үеэр онцолж байв.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.
А.Амартүвшин: Ирэх онд 51.080 өрхийн сууцыг дулаалж, бүх төрлийн хий, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэрт холбоно | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.