Шууд Chart

ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ

2025-09-11 07:52:50

Ази, Номхон далайн орны Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий чуулган өнөөдөр 09 цагт Туушин зочид буудалд салбар хуралдаануудаар эхлэх гэж байна. Энэ сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү чуулганд Японы NHK, Хятадын CGNT, Солонгосын KBS, Туркийн TRT, Австрали, Италийн радио телевиз гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Ази, Номхон далайн орны Өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Турк улсад болж, AI буюу хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар түлхүү ярилцсан. Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна.

Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах гээд олон давуу талыг бий болгодог.

Монголын хэвлэл мэдээллийн салбарынханд гадаад харилцаагаа хөгжүүлэх нэн таатай боломж олгож байгаа "ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR" олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа пүрэв гарагаас эхэлнэ.

Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 9 улсын уран бүтээлчид оролцох бөгөөд Монгол Улсаа төлөөлж, "The Hu” хамтлаг оролцоно.

Ази Номхон далайн Өргөн нэвтрүүлгийн холбоо нь гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан Ази-Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг. Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Холбоо нь нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах дэлхийн тоглогч болсон. Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй.

Өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техник, хууль эрх зүй, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг. Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм.


ABU-гийн 62 дугаар Ерөнхий чуулганы үйл ажиллагаа өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй