Шууд Chart

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал болж байна

2023-09-15 14:53:02

Олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (Alliance for Financial Inclusion)-ийн Дэлхийн бодлогын форум “Санхүүгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил цэцэглэлтийн төлөө-2023” сэдвийн дор Бүгд Найрамдах Филиппин Улсад 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлж Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Д.Баярсайхан болон төлөөллийн хамт оролцож байна. Филиппиний Төв банктай хамтран зохион байгуулж буй тус форумд 60 гаруй орны санхүүгийн зохицуулагч байгууллага, төв банкны төлөөлөл болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн 700 гаруй төлөөлөгчид оролцож нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлж буй Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН)-ийн үйл ажиллагааг технологийн хөгжлийг ашиглаж хүн бүрт ялангуяа эмзэг бүлгийн хүмүүст хэрхэн хүргэх талаар хэлэлцэв. Түүнчлэн, хурлаар өнгөрсөн оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ ирэх онд анхаарч ажиллах үндсэн чиглэлийг баталж,  нийгэмлэгийн үйл ажиллагааны статусыг өргөжүүлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэх юм.
Хурлын үеэр зохион байгуулагдсан Санхүүгийн хүртээмжийн стратеги”, “Дижитал санхүүгийн үйлчилгээ” зэрэг нийт 7 ажлын хэсэг тус бүрийн хуралд СЗХ-ны төлөөлөгчид оролцож санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, түүний шийдэл, сайн туршлагын талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга (ecapi)-ын 2023-2025 ын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

AFI нийгэмлэгийн Зүүн европ, төв азийн бүсийн санаачилга (Europe and Central Asia Policy Initiative)-ын 12 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо. Хурлыг СЗХ-ны дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тулгарч буй томоохон сорилтуудыг үл харгалзан Зүүн европ, төв азийн бүсийн санаачилгын гишүүн орнууд санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, санхүүгийн мэдлэгийг бэхжүүлэх чиглэлд амжилттай хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлээд бүс нутаг дахь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд өмнөх ололт амжилтаа бэхжүүлэх, цаашдын үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм”. Хурлаар санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зохицуулагч байгууллагуудад тулгарч буй бэрхшээл, даван туулах арга зам, энэ чиглэлээр гаргасан бодлогын өөрчлөлт, шинэ санаачлага, арга хэмжээнүүдийн талаар гишүүн байгууллагууд санал солилцож, 2023-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж батлав.  
Дашрамд дурдахад олон улсын Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг нь 82 орны 90 гаруй санхүүгийн болон зохицуулагч байгууллагын гишүүнчлэлээс бүрдсэн дэлхийн санхүүгийн хүртээмжийн бодлого тодорхойлогч, олон улсын бичил санхүүгийн зах зээлийн 85 хувийг хамарсан, хүн амын ядуу буурай хэсэгт санхүүгийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь  нийгэмлэгийн Захирлуудын зөвлөлд  2 удаа, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачлагын даргаар 2021-2023 онд сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаандаа зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого зохицуулалтын шинэ санал, санаачилга дэвшүүлэн ажилласныг гишүүн орнуудын зүгээс өндрөөр үнэллээ.

Эх сурвалж: СЗХ


Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал болж байна  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй