
Одоогоос 30 гаруй сая жилийн өмнө үүсэж хөгжин, мөстлөгийн үеийг даван туулсан хүдрийн эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, үр төлийг нь шовшоорой гэдэг.
Дунджаар 10-15 жил насалдаг уг амьтны урд хоёр хөл нь богино, хойд хөл нь урт, нуруу нь бөгтөр тул Монголын "кенгуру" гэж нэрлэдэг. Хүдэр улирлаа даган өөрчлөгдөх "хамеолон" чадвартай ба цагаан цамцан дээр гоёмсог хар зангиа зүүсэн мэт их тансаг зүстэй.
Баданга хүдэр нь олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн. Манай улсад 1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 3-3.5 сая төгрөг байдаг.
Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарах бөгөөд 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай.
Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой, урт нь нэг метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.
Гирээ (эр хүдэр), гирэгчин эвэргүй. Гирээ дээд уруул дороосоо илүү гарч эрүүнээс доош сөрдийсэн, 7 см хүртэл урт сэлэм хэлбэртэй, хурц, тод цагаан соёотой. Гирэгчний соёо жижиг. Хажуу, зоо хондлойгоороо бүдэг шаравтар толбо бүхий хүрэн бор, бараан хүрэн зүстэй. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Хондлой сэрвээнээсээ өндөр, урьд хөл хойд хөлөөс богино харагдана. Биеийн урт 93 см, сэрвээний өндөр 69 см, жин 14 кг хүрнэ.
Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Монгол Алтайн умард хэсгийн зарим салбар уулсын ойгоор тархмал. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруу баданга хүдэр тархан байршихад тохиромжтой нөхцөл ихтэй болохыг энэ бүс нутагт Монгол орны баданга хүдрийн нийт нөөцийн 83 хувь байгаа дүн нотолно. Уулсын ар хажууд 1700-2300 м өндөрт хуш, хуш-шинэс, шинэсэн ойд амьдарна. Сүүдэрлэг хэц хажуугийн хөвдөн дэвсгэртэй хөрс, модны хаг ихтэй, унанги модтой балар шигүү ойд байршина. Ой доторх хад цохио, асганд тааралддаг, задгай газар үзэгдэхгүй. Байршлаа улирлаар бага өөрчилдөг. Тодорхой хэcэгхэн газар байнга нутаглана.
Ороо нийлэгт XII сарын дундаас орж, YI сарын эцэс, YII сарын эхээр голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй. YII-YIII сард гуужна. Зун голдуу ургамал, ихэвчлэн хаг хөвд иднэ. Шовшоорой 2 сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.
Хүдэр дээд тал нь 10-12 жил насалдаг.
Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа тусламжтайгаар өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Хүдрийн заар нь гоо сайханы бүтээгдэхүүний гол түүхий эд бөгөөд дэлхийн зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг байна.
Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаанд онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд ч болдог. Дэлхийн 10 гаруйхан улсад хүдэр амьдардаг. Эдгээрээс цөөн хэдэн улс орон гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэр 1980 онд 44000 байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна. 1996-2001 онд жил бүр 2500-3000 тоо толгойгоор агнагдаж цөөрсөн бөгөөд одоо бараг үзэгдэхээ больсон байна.
Нэн ховордсон Баданга хүдэр | ||
Үзсэн: 125 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.