АНУ болон Ираны хооронд явагдсан хэлэлцээ тохиролцоонд хүрэлгүй өндөрлөсний дараа Ойрхи Дорнодын нөхцөл байдал огцом хурцдав. Талуудын гол зөрчил нь Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал байсан бөгөөд Тегеран тавигдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нь яриа хэлэлцээг зогсооход хүргэв.
Үүний дараа АНУ Ормузын хоолойд тэнгисийн цэргийн бүслэлт тогтоох шийдвэр гаргасан нь бүс нутгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүллээ. Уг алхам нь Ираны боомтууд руу чиглэсэн усан тээврийг хязгаарлах зорилготой бөгөөд дэлхийн нефтийн гол гарцад шууд нөлөөлөх нөхцөл үүсгэжээ.
Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн ойролцоогоор 20 хувь дамжин өнгөрдөг. Иймд нөхцөл байдал хурцадмагц зах зээлд шууд нөлөөлж, нефтийн үнэ огцом өсөв. Brent төрлийн нефть 102 орчим ам.доллар, WTI нефть 104 орчим ам.долларт хүрч, хэдхэн хоногийн өмнөх бууралтаа арилган 7–8 хувиар нэмэгдэв.
Шинжээчдийн үзэж буйгаар, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Иран хариу арга хэмжээ авах магадлал өндөр. Үүний улмаас тэнгисийн тээвэр доголдох, шатахууны үнэ өсөх, улмаар дэлхийн эдийн засагт дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
АНУ–Ираны хэлэлцээ ийнхүү бүтэлгүйтсэн нь дипломат түвшнээс давж, бодит эдийн засаг болон эрчим хүчний зах зээлд нөлөөлж эхэллээ.
| АНУ Ормузын хоолойг бүслэх шийдвэр гаргав | ||
| Үзсэн: 174 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.