Шууд Chart

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв

2026-08-18 10:46:14

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг цаашид Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойд нэвтрүүлэхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Тэрбээр наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь Ираны хувьд бодит үр дүн болсон гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, АНУ-ын цэргийн хүч болон баазуудыг өмнөх байрлалд нь эргүүлэн оруулахыг Иран зөвшөөрөхгүй аж.

Хатамигийн мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн ирээдүйн хяналтын талаар байр сууриа илэрхийлсний дараа гарчээ. Трамп Ираныг ялсан тохиолдолд стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлаж болох тухай мэдэгдсэн байна.

Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Трампын мэдэгдлийг эрс няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ. Мөн АНУ бүс нутагт цэргийн байр сууриа сэргээх аливаа оролдлогыг Иран хүчээр эсэргүүцнэ гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны ажиллагааны үеэр олзолсон эсвэл хөнөөсөн Ираны иргэнд 30 мянган ам.долларын шагнал олгох талаар мэдэгджээ. Түүний хэлснээр уг шагналын санг Ираны иргэдийн хандиваар бүрдүүлэх аж.

Ормузын хоолой нь Персийн буланг Оманы булан, Арабын тэнгистэй холбодог бөгөөд дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн стратегийн чухал гарцын нэг юм. Иймээс тус хоолойн хяналт, усан замын аюулгүй байдал АНУ, Ираны сөргөлдөөний гол асуудлын нэг болоод байна.


Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв  
Үзсэн: 24 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй