Шууд Chart

Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ

2026-08-15 12:30:38

Японы зүүн хэсэгт орсон усархаг борооны улмаас Чиба мужид тогтоогоод байсан гамшгийн хамгийн дээд буюу тавдугаар түвшний түгшүүрийг наймдугаар сарын 14-ний баасан гаргийн өглөө бууруулсан.

Гэсэн хэдий ч орон нутгийн эрх баригчид хөрсний нуралт, үер усны аюул өндөр хэвээр байгааг анхааруулж байна.

Японы Цаг уурын агентлаг Чиба мужийн 22 захиргааны нэгжид зарлаад байсан тавдугаар түвшний түгшүүрээс 11-ийнх нь түвшнийг 3-4 дүгээр зэрэглэлд шилжүүлж, үлдсэн 11-ийнхийг цуцалсан байна.

Мөн зургаан хотод мөрдөж байсан хөрсний нуралтын онцгой анхааруулгыг бууруулжээ. Наймдугаар сарын 13-ны пүрэв гаргийн оройноос орсон аадар бороо Чиба хотын Чуо дүүрэгт баасан гаргийн өглөөний 09:40 цаг хүртэл 12 цагийн хугацаанд 367 мм тунадас оржээ.

Харин Кашива, Абико, Сакура зэрэг хотод нэг цагийн хугацаанд 100 мм-ээс давсан бороо орсон байна. Үер, хөрсний нуралтын улмаас Ичикава, Сакура, Ячиё хотод нийт найман хүн амь насаа алдсан байна. Гамшгийн үед Чиба болон хөрш Ибараки мужийн 400 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Чиба мужийн захирагчийн хүсэлтээр Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчилж, “JR Soga” өртөөнд гацсан 4,000 орчим зорчигчийг түр хоргодох байранд хүргэсэн байна. Мөн Токио чиглэлийн галт тэрэг, автобусны хөдөлгөөн зогссоны улмаас Нарита олон улсын нисэх онгоцны буудалд 7,000 орчим зорчигч хоножээ. Шуурганы үеэр 68 мянга орчим өрх цахилгаангүй болсон бөгөөд баасан гаргийн өглөөний байдлаар 25,270 өрх цахилгаангүй хэвээр байна.

“JR East” компани мөн хэд хэдэн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг цуцалж, хязгаарлалт хийжээ.

Цаг уурын байгууллагаас түгшүүрийн түвшнийг бууруулсан хэдий ч Канто бүс нутаг болон Нагано, Яманаши мужид наймдугаар сарын 15-ны өглөө хүртэл цаг агаар тогтворгүй байхыг анхааруулсан.

Хөрсний чийгшил өндөр байгаа тул нам дор болон уулархаг бүсийн оршин суугчдыг хөрсний нуралт, гэнэтийн үер, гол мөрний усны түвшин нэмэгдэх аюулаас сэрэмжтэй байхыг уриалжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ  
Үзсэн: 17 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй