Шууд Chart

Шатахууны татан авалт нэмэгдэж, хангамжийг сайжруулахаар ажиллаж байна

2026-08-14 17:48:40

Шатахууны хангамж, түгээлт, нөөцийн агуулахыг нэмэгдүүлэх болон газрын тосны хайгуулийн ажлуудад тулгамдаж буй асуудлуудаар АҮЭБЯ, АМГТГ-аас цаг үеийн мэдээллүүдийг өглөө.
 
2026 оны наймдугаар сарын 14-ний өдөр буюу өнөөдөр ОХУ-аас нийт 47 вагоноор 2700 тонн АИ92 шатахуун Улаанбаатар хотод ирсэн бол ойрын өдрүүдэд дахин 65 вагон буюу 4000 тонн АИ92 шатахуун ирэхээр хүлээгдэж байна.
 
Ийнхүү шатахууны татан авалтын хэмжээ эрс сайжирч байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд улсын хэмжээнд ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв мэдээллээ.

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ХИЙЖ БУЙ 6 ТАЛБАЙН АЖИЛ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРООД БАЙНА

Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилдээ 1,5 сая тонн түүхий нефтийг боловсруулж, бүтээгдэхүүн болгон гарган авах юм.
Өнөөдрийн түвшинд Петрочайна, Петроматад, Доншин газрын тос гэсэн гурван компанитай байгуулсан БХГ-ны дагуу дөрвөн талбайд олборлолт хийгдэж байна.
Эдгээр талбайгаас жилд 400 гаруй мянган тонн түүхий нефтийг олборлож байна. Иймээс ч шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд Монгол Улс газрын тосны олборлолтын хэмжээгээ дахин 1,1 сая тонн-оор нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 10, Нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээт 7, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн 1 буюу нийт 18 талбайд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байна.
Гэвч өндөр эрсдэл гарган хайгуул, судалгааны ажил гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, эсэргүүцэх, шантаажлах асуудлаас үүдэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан 18 гэрээлэгчийн 6 гэрээлэгч хайгуулын ажлыг хийж чадахгүй, хэзээ дуусах нь тодорхойгүй эсэргүүцэлтэй тулгарсаар байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Шатахууны татан авалт нэмэгдэж, хангамжийг сайжруулахаар ажиллаж байна  
Үзсэн: 99 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй