Дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд олон улсын болон Монголын малчид Баянхонгор, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Архангай аймагт орон нутгийн айлчлал, бүсчилсэн хэлэлцүүлэгт оролцож байна.
Нийт 100 гаруй орны нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид, малчдын байгууллага, иргэний нийгэм, их, дээд сургууль болон түнш байгууллагын 240 орчим төлөөлөгч оролцож буй тус чуулга уулзалтын орон нутгийн арга хэмжээ 8 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн үеэр олон улсын болон Монголын малчид бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, бэлчээрийн доройтлыг бууруулах, малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр өөрсдийн мэдлэг, сайн туршлага, уламжлалт арга ухаанаа харилцан хуваалцаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болж буй уулзалт хэлэлцүүлгээр малчид “Эмэгтэй малчдын тунхаглал”, “Залуу малчдын тунхаглал”, “Малчдын ерөнхий тунхаглал”-ыг хэлэлцэж байна.
Орон нутгийн айлчлал, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
Ийнхүү зургаан аймагт өрнөж буй уулзалт, хэлэлцүүлэг нь Монголын малчдын уламжлалт мэдлэг, туршлагыг дэлхийн бусад орны малчдын туршлагатай холбож, бэлчээр, байгаль орчноо хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой ирээдүйн төлөө нийтлэг шийдэл эрэлхийлэх боломжийг бүрдүүлж байна.


| Дэлхийн малчид Монголын зургаан аймагт мэдлэг, туршлагаа солилцож байна | ||
| Үзсэн: 55 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.