Шууд Chart

Европын бүс нутагт өнөөдөр нарны бүтэн хиртэлт ажиглагдана

2026-08-12 10:18:34

Европын зарим улс болон Арктикийн бүс нутагт өнөөдөр нарны бүтэн хиртэлт ажиглагдана. Хиртэлтийн бүтэн зурвас Гринланд, Исланд, Испанийн зарим нутгийг дайрах бөгөөд Европын бусад хэсэгт хэсэгчилсэн байдлаар харагдах юм.

Сар Дэлхий, Нар хоёрын дундуур орж, Нарны гэрлийг бүрэн халхлах үед бүтэн хиртэлт үүсдэг. Энэ удаагийн хиртэлтийн сүүдрийн зурвас Арктикийн бүсээс эхэлж, Гринланд, Исландыг дайран Испанид хүрнэ.

Бүтэн хиртэлтийн хамгийн удаан үргэлжлэх хугацаа хоёр минут 18 секунд орчим байна. Испанийн Леон, Вальядолид, Сарагоса, Теруэль, Валенсиа зэрэг хот бүтэн хиртэлтийн зурваст багтаж байгаа бол Мадрид, Барселона орчимд Нарны 99 гаруй хувь халхлагдах төлөвтэй байна.

Испанийн баруун хэсэгт бүтэн хиртэлт орон нутгийн цагаар 20:27 орчимд эхлэх бөгөөд Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 13-ны 02:27 орчимд таарна. Өөрөөр хэлбэл, Европт өнөөдөр ажиглагдах энэ үзэгдэл Монголын цагаар шөнийн цагаар үргэлжлэх юм.

Европын бусад томоохон хотод хэсэгчилсэн хиртэлт ажиглагдана. Тухайлбал Парист Нарны 92, Лондонд 91, Берлинд 85 орчим хувь халхлагдах тооцоо гарчээ. Дэлхий даяар 980 сая орчим хүн энэ удаагийн хиртэлтийг бүтэн болон хэсэгчилсэн байдлаар харах боломжтой юм.

Европын эх газраас нарны бүтэн хиртэлт 1999 оноос хойш анх удаа ажиглагдаж байгаагаараа онцлог бөгөөд Монголын нутгаас ажиглах боломжгүй юм байна.


Европын бүс нутагт өнөөдөр нарны бүтэн хиртэлт ажиглагдана  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй