БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир ШУА-ийн эрдэмтэн, судлаачдыг COP17 хурлын талбайд хүлээн авч, хурлын бэлтгэл явцыг танилцуулан, Монгол орны талаас дэвшүүлж буй санаачилга оролцоог онцлон санал солилцов.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүрэн хангаж, бага хурлын албан ёсны нээлт болоход ердөө тавхан хоног үлдээд байна.
Энэхүү хариуцлагатай бөгөөд чухал цаг үед Та бүхэнтэй шинжлэх ухаан, судалгааны салбарын оролцоо, бидний өмнө нээгдэж буй боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад талархаж буйгаа Сайд Ц.Сандаг-Очир илэрхийлэв.
Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээг эх орондоо хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол Монголын шинжлэх ухаан, судалгаа, хуримтлуулсан мэдлэг, туршлагыг олон улсын түвшинд хүргэх, дэлхийн шинжлэх ухааны нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол орны онцлогт тулгуурласан шийдэл, сайн туршлагыг дэлхийд таниулах томоохон боломж гэдгийг хэллээ.
Дэлхий нийт газрын доройтол, цөлжилт, ган, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай, улам бүр өсөн нэмэгдэж буй сорилтуудтай тулгарч байна. Эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр, салбар хоорондын нягт уялдаа холбоо нэн чухал.
Монгол Улс энэ чиглэлээр олон жилийн турш хуримтлуулсан арвин мэдлэг, туршлагатай. Бид одоо “Юу мэдэж байна вэ” гэдгээс “Энэ мэдлэгээ хэрхэн бодит шийдэл, бодит үр дүн болгох вэ” гэсэн дараагийн шатанд шилжих шаардлагатай байгааг онцлон дурдлаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна | ||
| Үзсэн: 40 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.