Шууд Chart

УЕПГ: Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

2026-08-11 12:39:50

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1,382 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээж, 314 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 102, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Авлигын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:

Авлигын хэргүүдийн талаар: 

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгч Д.А-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хурдан шуурхай гаргуулах ашиг сонирхлын үүднээс Т.Ц, А.Н, Ж.Л, А.Г, Ө.Ш, Ц.Ж нар нь нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх 5 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

(Улсын бүртгэгч Д.А-д холбогдох хахууль авах хэргийг тусгаарлан шалгаж байна)

- Р.З-т нь “Х...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа Монголын Олон улсын арбитрын шүүхэд хянагдаж байгаа хэрэгт шинжээч томилох тухай шийдвэрийн дагуу шинжилгээ хийх явцдаа 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д Монголын Олон улсын Арбитрын шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэй нь холбогдуулан гаргах үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд  нь 1 тэрбум төгрөгийг хуваан авах санал гаргаж, хахууль өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- И.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Р.Ц-тай бүлэглэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Э...” ХХК-ийн нэхэмжилсэн 236 сая төгрөгийн санхүүжилтэд  төлбөрийн акт тавих харилцаа үүссэн эсэхийг нягтлан шалгах талаар албан бичиг хүргүүлсэн байхад эрх мэдлээ хэтрүүлэн, “Э....” ХХК-д 236 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Н.Т нь нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт 4 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.


УЕПГ: Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ  
Үзсэн: 8 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй