Шууд Chart

Европын орнуудад аагим халуун үргэлжилж байна

2026-08-10 16:24:32

Баруун Европыг хамарсан удаан үргэлжилсэн хэт халалтын улмаас энэ оны зургаа, долоодугаар сарын дундаж температур түүхэн дээд түвшинд хүрсэн талаар Европын уур амьсгалын “Коперникус” алба мэдээлжээ. Тус бүсийн хоёр сарын дундаж температур 21.62 хэмд хүрч, 2022 онд тогтоосон өмнөх дээд үзүүлэлтийг даваад байна.

Европт хэт халалт тавдугаар сараас эхэлж, олон оронд ой хээрийн түймэр, удаан үргэлжилсэн ган гачиг, температурын шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдэхэд нөлөөлжээ. Ассошиэйтед Прессийн мэдээлснээр, халуунтай холбоотой нас баралт хэдэн мянгаар нэмэгдэх эрсдэлийг судлаачид тооцоолжээ.

Хэт халалттай зэрэгцэн Европын томоохон голуудын усны түвшин буурчээ. Унгарын Будапешт хотод Дунай мөрний ус татарч, өмнө нь усан доор байсан элсэрхэг хэсгүүд ил гарсан бол Германд Рейн мөрний усны түвшин мөн эрс доошилжээ. Лондонд гангийн улмаас цэцэрлэгт хүрээлэнгийн өвс хатаж, Францын өмнөд хэсэгт ой хээрийн түймэртэй тэмцэж байна. Парис хотод долоодугаар сарын сүүлээр агаарын температур 42 хэм хүрч байв.

Дэлхийн хэмжээнд долоодугаар сарын далайн гадаргын дундаж температур улирлын мөсөн бүрхүүлгүй бүсүүдэд 20.96 хэм хүрч, тухайн сарын түүхэн дээд үзүүлэлт болжээ. Харин дэлхийн гадаргын агаарын долоодугаар сарын дундаж температур 16.90 хэм байсан нь 2024 оны долоодугаар сартай зэрэгцэн түүхэн дэх хоёр дахь өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа аж.

2026 он одоогоор дэлхийн хэмжээнд 2024, 2025 оны дараа орох гурав дахь хамгийн халуун жил болж байгаа ч жилийн үлдсэн хугацаанд температурын өсөлт үргэлжилбэл түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх боломжтойг эрдэмтэд анхааруулжээ. Үүнд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал болон Номхон далайд хүчжиж буй Эль Ниньогийн үзэгдэл зэрэг хүчин зүйл нөлөөлж буйг “Коперникус” тэмдэглэсэн байна.

Европын Дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн уур амьсгалын асуудал хариуцсан Саманта Бёржессийн тайлбарласнаар, удаан тогтсон өндөр даралтын бүс халуун агаарыг Баруун Европын дээгүүр тогтоон барьж, хөрс хатахын хэрээр байгалийн хөргөлтийн нөлөө багассан нь халалтыг улам эрчимжүүлжээ. Тэрээр халалт ба ган гачиг харилцан бие биеэ улам хүчтэй болгож буй нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний тод жишээ гэжээ.


Европын орнуудад аагим халуун үргэлжилж байна  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй