Шууд Chart

Сицилийн эргээс Ромын үеийн сүйрсэн хөлөг онгоцны үлдэгдэл илрүүлжээ

2026-08-10 16:06:02

Италийн Сицили арлын баруун хэсэгт орших Мазара-дель-Валло хотын эргээс Ромын үеийн сүйрсэн хөлөг онгоцны үлдэгдлийг илрүүлжээ.

Хөлөг онгоцны үлдэгдэл эргээс ойролцоогоор гурван милийн зайд, 46 метрийн гүнд байгаа бөгөөд археологичид урьдчилсан байдлаар МЭӨ II–I зууны үед хамааруулан үзэж байгаа аж.

Далайн ёроолд хөлөг онгоцны ачаа байсан хэдэн зуун шавар ваар хадгалагдан үлджээ. Тэдгээрийн дийлэнх нь Ромын Бүгд Найрамдах улсын хожуу үед өргөн хэрэглэгдэж байсан Дрессел 1А төрлийн ваар бөгөөд тухайн үед голчлон дарс тээвэрлэхэд ашигладаг байв. Мөн хар тугалгаар хийсэн хоёр зангууны хөндлөвч болон өөр нэг хар тугалган хийц илрүүлсэн байна.

Италийн Соёлын сайд Алессандро Жули уг олдворыг сүүлийн жилүүдэд илэрсэн усан доорх археологийн хамгийн чухал олдворуудын нэг хэмээн үнэлжээ. Хөлөг онгоц болон түүний ачааг нарийвчлан судалснаар тухайн үеийн Газар дундын тэнгисийн худалдааны зам, бараа бүтээгдэхүүний солилцоо, Ромын үеийн далайн тээврийн талаар шинэ мэдээлэл авах боломжтой гэж судлаачид таамаг дэвшүүлжээ.

Италийн холбогдох байгууллагууд олдвор байгаа далайн ёроолын хэсгийг цаашид нарийвчлан баримтжуулж, судлан хамгаалах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.


Сицилийн эргээс Ромын үеийн сүйрсэн хөлөг онгоцны үлдэгдэл илрүүлжээ  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй