Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Oxus Metals AI” LLC компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, геологийн ухааны доктор Дэвид Жэн Иныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус компанийн зүгээс Төв Ази нь геологийн тогтцын хувьд хамгийн сонирхолтой ч бага судлагдсан, ашигт малтмалын хэтийн төлөвтэй болохыг яриандаа онцолж, тэр дундаа Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийллээ.
“Oxus Metals AI” LLC нь АНУ-ын Стэнфордийн Их Сургуулийн Mineral-X судалгааны төвөөс үүсэлтэй, хиймэл оюун ухаанд суурилсан ашигт малтмалын хайгуулын компани юм. Тус компани нь хиймэл оюун ухаанд суурилсан хайгуулын технологийн давуу талуудын хувьд дараах чиглэлүүдийг танилцуулсан билээ.
- Технологийн үр ашиг: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хиймэл оюун ухааны технологи ашиглан өрөмдлөгийн хугацаа, зардлыг эрс бууруулах боломжтой;
- Монгол Улстай хамтдаа баялаг бүтээх: Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах, ажлын байр шинээр бий болгох, сургалтаар дамжуулан уул уурхайн шинэ эрин үеийн хүний нөөц бэлтгэх;
- Ил тод байдал: Нээлттэй үр ашгийн хуваарилалт, ил тод “Technology Earn-in” бүтцээр хамтран ажиллах;
- Байгаль орчинд ээлтэй: Цөөн тооны, нарийвчлалтай өрөмдлөгөөр илүү их дата, мэдээллийг олж авах замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах.
Сайд Г.Дамдинннямын зүгээс Монгол Улс нь байгалийн баялгийн арвин нөөцтэй улс болохыг яриандаа дурдаад орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг арга барилыг ашигт малтмалын хайгуулын салбарт нэвтрүүлэх нь геологийн судалгааны үр дүнг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал алхам болохыг онцлов.
Талууд цаашид техникийн түвшинд нарийвчилсан хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судлахаар тохиров гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| Геологи, хайгуулын салбарт “Oxus Metals AI” компани Монгол Улстай хамтран ажиллах сонирхол илэрхийлжээ | ||
| Үзсэн: 83 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.