Шууд Chart

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих өдөр”-ийг зохион байгуулав

2026-08-07 14:16:25

Нийслэлийн өргөө амаржих газар 2026 оны наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих өдөр”-ийг тохиолдуулан эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, хөхөөр хооллолтыг дэмжих, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт сургалт, мэдээллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, төрсөн эхчүүд болон гэр бүлийн гишүүдийг хамруулан хөхөөр хооллолтын ач холбогдол, зөв арга техник, хөхний арчилгаа, төрсний дараах асаргаа, эхийн сүүний гарцыг сайжруулах арга зам, сэтгэлзүйн дэмжлэг зэрэг сэдвээр сургалт, зөвлөгөө өгч, гарын авлага, танилцуулга материалаар ханган ажиллав.

Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Гавьяат эмч А.Оюунцэцэг удирдан явуулж, эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол, хүүхдийн өсөлт хөгжилд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн Байер компанийн эмч төлөөлөгч Ч.Одончимэг эхийн сүүний гарцыг нэмэгдүүлэх арга, хөхний зөв арчилгааны талаар зөвлөгөө өгсөн бол төрөх, төрсний дараах тасгийн эмч, сувилагчид төрсний дараах асаргааны талаарх практик мэдээллийг хүргэлээ.

Нярайн сувилагч Ж.Байгалмаа эхчүүдэд хөхөө зөв амлуулах техник, байрлалын талаар сургалт зохион байгуулж, нярайн тасгийн эмч, сувилагчид “Хөхөөр хооллох 10 алхам” сэдэвт гарын авлага, зөвлөмжийг танилцуулсан юм.

Түүнчлэн нярайн эмч Я.Гэрэлтуяа, нярайн арга зүйч О.Туяацэцэг нар эхийн сүүгээр хооллохын эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сэтгэл зүйч Э.Төгөлдөр эхийн тайван, эерэг сэтгэлзүй нь сүүний ялгаралт, хөхөөр хооллолтын амжилтад хэрхэн нөлөөлдөг талаар зөвлөгөө өглөө.

Энэхүү арга хэмжээ нь эхчүүдийг хүүхдээ төрсөн даруйд нь хөхүүлэх, эхийн сүүгээр дагнан хооллох зөв дадлыг төлөвшүүлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.

Нийслэлийн өргөө амаржих газар цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хөхөөр хооллолтыг дэмжих сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, эхчүүдэд нотолгоонд суурилсан зөвлөгөө, дэмжлэгийг тасралтгүй хүргэнэ гэж Нийслэлийн Өргөө амаржих газраас мэдээллээ.  


“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих өдөр”-ийг зохион байгуулав   
Үзсэн: 59 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй