Шууд Chart

Трамп Ирантай тохиролцоонд хүрэх шинэ гарц эрэлхийлж байна

2026-08-07 13:42:58

Ирантай хийж буй хэлэлцээгээр Ормузын хоолойг олон улсын усан тээвэрт бүрэн нээх тохиролцоонд хүрэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарим шаардлагаасаа буулт хийх хэрэгтэй болж магадгүй гэж Ассошиэйтед Пресс мэдээллээ.

Олон сарын турш үргэлжилсэн мөргөлдөөн АНУ-ын эдийн засагт дарамт учруулж, шатахууны үнийг өсгөхийн зэрэгцээ батлан хамгаалахын нөөцөд ачаалал өгч байгаа нь Вашингтоны хэлэлцээний байр сууринд нөлөөлж болзошгүй байна.

Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн стратегийн чухал гарц юм. Мөргөлдөөн эхэлснээс хойш тус хоолойгоор зорчих хөлөг онгоцны хөдөлгөөн эрс буурч, дэлхийн эрчим хүчний зах зээлд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд АНУ, Иран дипломат хэлэлцээг эрчимжүүлж, хоолойн хөдөлгөөнийг хэвийн болгох асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна.

Трамп энэ долоо хоногийн эхээр Ирантай хийх шинэ хэлэлцээг тохиролцоонд хүрэх “сүүлчийн боломж” гэж тодорхойлсон. Түүний хэлснээр хэлэлцээний эхний үе шат Ормузын хоолойг нээхэд чиглэх бол дараагийн шатанд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэхдээ тохиролцоонд хүрэхэд талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Иран өмнө нь АНУ тус улсын эсрэг тавьсан боомтын хоригийг цуцалж, дайныг зогсоовол Ормузын хоолой дахь хязгаарлалтаа цуцлах санал тавьж байсан юм. Харин АНУ Иран хөлөг онгоцнуудаас төлбөр хураах хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Трампын хувьд буулт хийхэд дотоодын улс төрийн хүчин зүйл мөн нөлөөлж болзошгүйг Ассошиэйтед Пресс онцолжээ. Мөргөлдөөн удаан үргэлжилснээр шатахууны үнэ өсөж, эдийн засагт дарамт нэмэгдсэнээс гадна АНУ-ын батлан хамгаалахын зарим нөөц багасаж байгаад санаа зовниж эхэлсэн байна. Ираны асуудлаарх Трампын бодлогыг дэмжих америкчуудын хувь ч өмнөх сараас бага зэрэг буурсныг сүүлийн үеийн санал асуулга харуулжээ.

Иймээс Ормузын хоолойг хэвийн нээж, бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах тохиролцоонд хүрэхийн тулд Вашингтон, Тегеран аль аль нь одоогийн байр сууриасаа тодорхой хэмжээнд буулт хийх шаардлага үүсэж болзошгүй байгаа аж.


Трамп Ирантай тохиролцоонд хүрэх шинэ гарц эрэлхийлж байна  
Үзсэн: 34 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй