Улаанбаатар хотын гэр хорооллыг үе шаттайгаар шинэчилж, иргэдийн амьдрах орчны чанарын шинэ түвшинд хүргэх зорилготой "Сэлбэ хот" төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 36.69 хувь, барилга угсралтын ажил 22.02 хувьд хүрээд байгаа бол газар чөлөөлөлт 96 хувьтай байна. Тус төслийн долоон багц ажлын хүрээнд дөрвөн үндэсний болон гурван гадаадын аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер, техникийн ажилтан, 70-80 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд барилгын материал нийлүүлэгчдийн 70-80 хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байгаа юм. Зарим барилгын 9 болон 12 давхрын бүтээцийн угсралт дуусч, цонх суурилуулах ажил эхэлжээ.
Төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц 2027 онд бүрэн ашиглалтад орох бол 651,092 ам.метр талбай бүхий худалдаа, үйлчилгээ, оффис болон 2138 айлын орон сууцтай олон нийтийн бүсийг 2028-2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийт 58.11 га ногоон байгууламж байгуулж, 31.2 км урт дугуйн болон явган хүний замын сүлжээг бий болгоно гэдгээрээ онцлог төсөл юм.
“Сэлбэ хот” төслийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганзоригийн танилцуулснаар "Сэлбэ 20 минутын хот" төсөлд барилгын чанар, эдэлгээ, аюулгүй байдалд онцгой анхаарч буйг тодотгов. Барилга угсралтад бүрэн цутгамал хийц болон өндөр чанартай материалыг ашиглаж байгаа бол сантехникийн дотоод шугам сүлжээг удаан эдэлгээтэй, аюулгүй зэс хоолойн системээр бүрэн шийдэж, дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасадыг ашиглаж, барилгын материал бүрт чанарын хатуу хяналт тавин ажиллаж байгаа юм.
Мөн Сэлбэ хот төслийн 113 блок орон сууцны барилга болон олон нийтийн бүсийн төлөвлөлт, байгаль орчны туршилт-загварчлал болон санхүүжилтийн гүйцэтгэлийг Digital Twin болон MonMap системээр иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэхэд бэлэн болж байгаа юм. Иргэд тухайн системээс аль блок хэдэн хувийн санхүүжилттэй, аль шатандаа явааг шууд хянах боломжтой болно.
Өндөр стандартын барилга, ухаалаг инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, технологийн инновац, эдийн засгийн тусгай бүсийг нэг дор цогцлоож буй "Сэлбэ хот" төсөл нь зөвхөн шинэ орон сууцны хороолол бус, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн шинэ жишиг болох юм.
| “Сэлбэ хот” төслийн нийт гүйцэтгэл 37 орчим хувьтай үргэлжилж байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.