Шууд Chart

ЗГ: Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 14:57:01

Засгийн газрын ээлжит хуралдаанд “Автобензин, дизель түлшний онцгой албан татварын тухай” асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Монгол Улс 2026 оны 08 дугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийлээ. 

Ойрх Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, Орос, Украины дайнаас шалтгаалсан нефтийн үнийн өсөлт дэлхийн зах зээлд буураагүйгээс шалтгаалан 8 дугаар сард хил үнэ тонн тутамд дахин өсөж, ОХУ болон бусад эх үүсвэрээс худалдан авах шатахууны үнэ 1200-2000 ам.долларт хүрчээ. Тиймээс дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг сааруулах үүднээс Гаалийн болон онцгой албан татварыг тэглэх шаардлага үүссэнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Шатахуун түлш бол айл өрх бүрийн асуудал. ОХУ шатахууны бүх төрөлд экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс орохгүй. Мөн БНХАУ, БНСУ-аас шаардлагатай түлш, шатахуун нийлүүлэхээр тохирлоо. Дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсад ирэх сөрөг нөлөөг бага байлгахын төлөө Засгийн газар бүх шатанд ачаа үүрнэ. Шатахуунаа хэрхэн нөөцөлж, түгээж байгаагаа иргэдэд ил тод мэдээл. Мэдээлэлтэй иргэд ажил, амьдралаа төлөвлөнө” хэмээлээ. 33 жилийн дараа анх удаа хэрэгжиж буй шатахуун нөөцлөх 22 сав, агуулах барих ажлын явцын талаар иргэдэд болон Засгийн газарт тогтмол мэдээлэл өгөхийг мөн үүрэг болголоо.  

“Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолоор, 

-Газрын тосны бүтээгдэхүүн, бүх төрлийн шатахууныг түргэн шуурхай хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, буулгах 

-Бүх төрлийн шатахууны импортын гаалийн албан татварын хувь, хэмжээг 2027 оны 02 дугаар сарын 01 хүртэл /0/ тэг хувиар тогтоох 

-Гадаад вагонцистерний ашиглалтын төлбөр, хураамжийг хөнгөвчлөх 

-Хуульд заасан нөхцөл, шалгуурыг бүрэн хангасан зөвшөөрлийн хүсэлтийг хурдан, шуурхай шийдвэрлэж, зөвшөөрөл олгох 

-Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн жагсаалтад тулгарч буй саадыг арилгах 

-Шатахууны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахыг тус, тус холбогдох сайдуудад үүрэг болгов. 


ЗГ: Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ   
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй