Шууд Chart

Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ хийжээ

2026-08-05 14:22:39

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн-гийн мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг 2026 оны 07 дугаар сарын 15-наас эхлэн 15 хоногийн хугацаанд Ханхөхийн нурууны Цалуу–Баянголын өр голомтод тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг амжилттай зохион байгуулжээ.

Судалгааны хүрээнд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил, хүн амд халдвар тархах эрсдэлийг үнэлэх зорилгоор хээрийн болон лабораторийн шинжилгээ, тандалтын ажлыг гүйцэтгэсэн байна. Энэхүү хамтарсан судалгаа нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2017 оноос хойш тасралтгүй хэрэгжиж буй 10 дахь удаагийн судалгаа бөгөөд Увс аймагт зургаа дахь жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог аж.

Судалгааны үр дүнг танилцуулах өргөтгөсөн уулзалтад Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, мөн Монгол, ОХУ-ын хамтарсан багийн төлөөлөл оролцсон байна.

Уулзалтын үеэр нутгийн иргэд, дотоодын аялагчид болон жуулчдад тарваган тахлын байгалийн голомтот бүсээр зорчихдоо сонор сэрэмжтэй байж, тарвага агнах, өвчих, махыг нь хэрэглэх, үхсэн болон өвчилсөн тарвагатай харьцах зэрэг халдвар авах эрсдэлтэй үйлдлээс татгалзахыг онцгойлон зөвлөжээ.

Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, байгалийн голомтын тандалт, хяналтыг бэхжүүлэх, халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцсон байна. 

Монгол, ОХУ-ын хамтарсан энэхүү судалгаа нь тарваган тахлын байгалийн голомтын идэвхжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг төлөвлөхөд чухал ач холбогдолтой аж.


Увс аймагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг зургаа дахь жилдээ хийжээ  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй