Шууд Chart

Г.Чинбат: Сутай хайрхны төрийн тахилга бол өв соёл, байгаль хамгааллын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх онцгой үйл явдал

2026-08-04 11:22:25

Мөнх цаст Сутай хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 5-6-ны өдрүүдэд болно. Энэ талаар Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбаттай цөөн хором ярилцлаа.   

-Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн төрийн тахилгын онцлог, ач холбогдлын талаар яриагаа эхэлье? 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол 2026 оны наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ бол зөвхөн шашин, зан үйлийн арга хэмжээ биш. Монголчуудын байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж ирсэн уламжлал, төрт ёсны үнэт өвийг хадгалан хамгаалах, залуу үед өвлүүлэн үлдээх төрийн хэмжээний томоохон ёслол юм. Энэ жилийн хувьд бид ёслолын арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Төрийн тахилгаас гадна үндэсний өв соёл, урлаг, уламжлалт ахуй, зан заншлыг сурталчлах олон талт хөтөлбөрийг багтаасан.

-Сутай хайрхан уулын онцлог, үнэ цэнийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Сутай хайрхан бол Монгол Алтайн нурууны мөнх цаст сүрлэг оргилуудын нэг. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын нутгийн заагт оршдог. Энэ хайрхан бол Алтай нутгийнхны сүсэг бишрэл, домог түүх, ёс заншил, ахуй амьдралтай салшгүй холбоотой ариун дагшин шүтээн юм. Энэ хайрхныг нутгийн ард түмэн үеийн үед тахин дээдэлж ирсэн. Сутай хайрхныг 2008 оноос төрийн ёслолын дагуу тахиж эхэлсэн. Төрийн тахилгат хайрхны зэрэгт өргөмжлөгдсөнөөр Монголын төрт ёс, байгаль хамгаалах уламжлалт үзлийг хадгалан хамгаалах үйл хэрэг улам бүр баталгаажсан гэж үздэг.

-Энэ жилийн ёслолын хөтөлбөрт ямар онцлох арга хэмжээнүүд багтаж байна вэ?

-Наймдугаар сарын 5-ны өдөр үндэсний сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, Монгол ёс заншил, уламжлалт мал аж ахуйн сэдэвт үзэсгэлэн, урлагийн тоглолтууд, төрийн тахилгад зориулсан наадмын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдана. Мөн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид “Алтайн магтаал”, "Жангар", "Агийн улаан хаан" зэрэг туулийг хайлж, нутгийн өв соёлыг олон нийтэд хүргэнэ.
Орой нь Долоон бурхан одонд зориулсан уламжлалт тахилгын зан үйл болж, лам хуврагууд тахилгын ном хурна.
Харин наймдугаар сарын 6-ны өдөр төрийн тахилгын Их овоонд ном судар залж, төрийн ёслолын дагуу Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх үндсэн ёслол болно.

-Төрийн тахилга зөвхөн зан үйлээр хязгаарлагдахгүй, байгаль хамгаалалтай ч холбоотой гэж ярьдаг. Энэ талаар?

-Яг тийм. Уул, овооны тахилга бол байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах монголчуудын амьдралын гүн ухаан юм. Өвөг дээдэс маань уул усаа дээдэлж, тэнгэр газартаа мөргөж, байгалийн өгөөжийг зүй зохистой хүртэж ирсэн. Энэ бол өнөөдрийн ойлголтоор байгаль хамгааллын хамгийн эртний соёл юм.
Тиймээс бид төрийн тахилгын хүрээнд хүүхэд, залуучуудад үндэсний түүх, ёс заншил, тахилгат уул усны талаарх мэдлэгийг түгээх, байгаль хамгаалах, экологийн боловсролыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна.

-Та иргэд, сүсэгтэн олон, жуулчдад хандаж юу хэлэх вэ?

-Сутай хайрхан бол зөвхөн Алтай нутгийнхны биш, Монгол түмний шүтээн хайрхан юм. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцохоор хүрэлцэн ирэх нийт иргэд, сүсэгтэн олон, жуулчдаа урьж байна.

Та бүхэн төрийн ёслолын сүр жавхланг мэдрэхийн зэрэгцээ Алтай нутгийн өвөрмөц байгаль, түүх, соёл, зан заншилтай танилцаж, монголчуудын уул ус, эх дэлхийгээ хайрлан дээдэлдэг үнэт өв уламжлалыг хамтдаа мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.

-Баярлалаа. Амжилт хүсье.


Г.Чинбат: Сутай хайрхны төрийн тахилга бол өв соёл, байгаль хамгааллын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх онцгой үйл явдал  
Үзсэн: 38 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй