Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 58 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 46 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1033 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1017 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Д, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал Т.М, мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал А.Е болон нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Н.Б нар нь бүлэглэн гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэртэй 16,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлыг гүйцэтгэх явцад цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчлөн, Т.Д нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.А-ийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны 4 сарын 9-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, мөнгө угаасан гэх мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв гэж АТГ-аас мэдээллээ.
| Т.Д нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэв | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.