Чингис хааны өглөө бүр мялааж, өдөр бүр дахиж байх зарлигтай Бурхан Халдун хайрханаас Хархорум хот хүртэлх аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хаад язгууртны түүхийг сурталчлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, олон үеийн дурсгалуудыг ард иргэдэд танилцуулах ажлыг Чингис хаан үндэсний музейгээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазарыг хүндэтгэн Монголын түүх соёлыг сурталчлах зорилгоор Өгөөмөрийн хөндийд "Хаадын ундаа" арга хэмжээг зохион байгуулж байна.
"Хаадын ундаа" нь ЮНЕСКО-ийн биет бус өвд бүртгэгдсэн хөхүүрийн айраг, түүнтэй холбоотой соёлыг бүртгүүлсэн. Энэ нутагт ирээдүйд аялал жуулчлалын том эвентийг хийж, "Хаадын ундаа"-г сурталчлан түгээн дэлгэрүүлж гайхамшигтай соёлын нэгэн төв болж, олон хүмүүс зочилдог төв болж, жил ирэх тусам өргөн хүрээтэй болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн арга хэмжээг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.
Баян сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, Шилдэг дэмбээчин шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.
Тус сумын нутаг дахь Өгөөмөрийн хөндий хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлийг Ази тивд манлайлж бүтээж чадсан Өндөр гэгээн Занабазар нэгэн цаг дор төвлөн сууж байсан газар. Өнөөгийн Улаанбаатар хот олон газар нүүж, 1730-аад оны үед одоогийн Хан уул, Хатан Туулын хөвөөнд төвлөрөх хүртэл 20-иод газар нүүдэллэснийх нь нэг дурсгалт газар юм гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.

| “Хаадын ундаа” айрагны баяр болж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.