Шууд Chart

Монголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотод болно

2026-08-04 09:47:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал 2026 оны наймдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Дэлхийн монгол судлалын төв болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэхүү их хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, соёлын дипломат бодлогыг дэмжих, үндэсний брэндийн олон улсын нэр хүндийг бэхжүүлэх, Монголын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд стратегийн ач холбогдолтой арга хэмжээ юм.
Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болон хөгжсөн. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.
Энэ удаагийн XIII их хуралд Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Непал, Израил, Монгол, Австри, Чех, Франц, Финланд, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Румын, Турк, Их Британи, ОХУ, Швейцарь, АНУ, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг нийт 29 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, 528 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
Тус их хурал нь дэлхийн монгол судлалын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсын түвшний мэдлэгийн эргэлтэд оруулах чухал индэр болно гэж Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. 


Монголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотод болно  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй