Шууд Chart

АНУ жолооны хүрдгүй роботаксины үйлчилгээнд анх удаа зөвшөөрөл олголоо

2026-07-31 09:52:31

АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын газар жолооны хүрд зэрэг гар удирдлагын хэрэгсэлгүй роботаксигаар төлбөртэй үйлчилгээ үзүүлэх анхны зөвшөөрлийг Амазоны эзэмшлийн Зүкс компанид олгожээ.

Уг зөвшөөрлийн хүрээнд тус компани ирэх хоёр жилийн хугацаанд нийт 2500 хүртэлх роботакси ашиглах боломжтой болсон байна. Зүкс муж болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай зөвшөөрлөө авсны дараа зорчигчдоос төлбөр авч эхлэх юм.

Зүксийн бүрэн автомат жолоодлоготой автомашин нь жолоочийн суудал, жолооны хүрдгүй бөгөөд дөрвөн зорчигч өөд өөдөөсөө харж суудаг тусгай хийцтэй. Тус компани өнгөрсөн жилээс Лас-Вегас болон Сан-Франциско хотод иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байжээ.

АНУ-ын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын одоогийн дүрэм, стандартыг хүний жолоодлоготой автомашинд зориулан боловсруулсан байдаг. Иймээс зохицуулагчид бүрэн автомат тээврийн хэрэгслийн онцлогт нийцүүлэн шаардлагуудаа шинэчилж эхэлсэн байна.

Түүнчлэн жолооны хүрдгүй роботакси ашиглахыг зөвшөөрсөн ч тоормосны дөрөөгүй тээврийн хэрэгслийн талаарх шинэ зохицуулалтын санал одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа аж.


АНУ жолооны хүрдгүй роботаксины үйлчилгээнд анх удаа зөвшөөрөл олголоо  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй