Шууд Chart

Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландертай уулзлаа

2026-07-30 14:18:22

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан Нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Америкийн Нэгдсэн Улсын Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Жэймс (Жим) Вагенландер болон  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа ардчилал, эрх чөлөө, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж буйг онцолж, энэхүү хамтын ажиллагааг орон нутгийн түвшинд улам өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэлээ.

Улаанбаатар, Денвер хотууд 2001 онд ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш хоёр хотын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирснийг дурдаад, Монгол Улсын Өргөмжит консулаар олон жилийн турш ажиллахдаа Монгол Улсыг АНУ-д сурталчлах, хоёр орны иргэдийн харилцааг бэхжүүлэх, Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн Ж.Вагенландерт талархал илэрхийллээ. 

Мөн хоёр хотын найрамдлын бэлгэдэл болсон бүтээн байгуулалтууд болох Улаанбаатар хот дахь “Денверийн гудамж”, Денвер хот дахь “Улаанбаатар” нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болон Монголын уран бүтээлч М.Цогтсайханы “ТУЛГА” хөшөө нь хоёр хотын найрсаг харилцааны бодит илэрхийлэл болсныг онцолсон юм.

Уулзалтын үеэр талууд хот хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, ухаалаг хотын шийдэл, нийтийн тээврийн шинэчлэл, ногоон байгууламж, усны нөөцийн менежмент, агаарын чанар, байгаль орчны хамгаалал, инновац, гарааны бизнесийг дэмжих экосистем, их, дээд сургуулиудын хамтарсан судалгаа, залуучууд болон төрийн албан хаагчдын солилцооны хөтөлбөр, аялал жуулчлал, соёл, бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Улаанбаатар хот 2050 он хүртэлх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж, иргэдэд ээлтэй, ногоон, ухаалаг, олон улсын өрсөлдөх чадвартай хотыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж буйг танилцуулж, энэ хүрээнд Денвер хотын туршлага, хувийн хэвшлийн оролцоо, их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломж өргөн байгааг илэрхийллээ. Түүнчлэн энэ жил Улаанбаатар, Денвер хотууд эгч дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцолж, цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, инновац, тогтвортой хөгжил, соёл, аялал жуулчлал зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлэв. 

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны газар, Нийгмийн бодлогын газар, Соёл, урлагийн газрын төлөөлөл болон Денвер хотын боловсрол, бизнес, соёл, эрүүл мэнд, академик салбарын төлөөлөгчид оролцлоо.


Денвер хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландертай уулзлаа  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй