Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Зээлийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хэлэлцэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.
УИХ-аас "Нээлттэй парламент" зорилгын хүрээнд "И-Монголиа" системд "УИХ-Таныг сонсож байна" цахим сувгийг ажиллуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирүүлсэн 300 орчим саналын дийлэнх нь төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт, эдийн засгийн дарамттай холбоотой асуудал байжээ. Тэдгээрийн хамгийн олон нь зээлийн мэдээллийн сан буюу иргэдийн нэрлэж заншсанаар "хар жагсаалт"-тай холбоотой санал, гомдол байсан талаар уулзалтын үеэр онцолсон байна.
Улсын Их Хурал Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлээ бүрэн төлсөн иргэдийг удаан хугацаанд сөрөг бүртгэлд үлдээдэг тогтолцоог халж, олон улсын жишигт нийцсэн зээлжих чадварын онооны тогтолцоог хуульчилсан. Гэвч уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, банк, санхүүгийн байгууллагууд хууль, журмыг жигд мөрдөхгүй байгаа талаар иргэдээс гомдол ирсээр байгааг УИХ-ын дарга дурдлаа.
Иймд Монголбанкинд зээлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд шинэчилж байгаа эсэхэд нэгдсэн хяналт шалгалт хийх, зээлжих чадварын оноог мэдээллийн өөрчлөлттэй уялдуулан шуурхай шинэчилдэг тогтолцоог бүрдүүлэх, бага дүнтэй болон бүрэн төлөгдсөн зээлийн мэдээллийг хадгалах хугацааг дахин судлах, иргэд өөрийн зээлийн мэдээлэл болон оноонд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээлттэй харах боломж бүрдүүлэх, алдаатай мэдээллийг цахимаар нэг цонхны зарчмаар залруулах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг үүрэг өгчээ.
Мөн зээл олгохоос татгалзсан үндэслэлийг иргэдэд тайлбарлах нийтлэг шаардлагыг мөрдүүлэх, онооны тогтолцооны хэрэгжилтийн талаар улирал тутам олон нийтэд мэдээлэх, Зээлийн мэдээллийн санд зөвхөн банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн мэдээллийг бүртгэдэг болох зохицуулалтыг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Үүнээс гадна дээрх арга хэмжээний хэрэгжилт болон шаардлагатай хууль, журмын өөрчлөлтийн саналыг 30 хоногийн дотор танилцуулж, бодит үр дүн гарган ажиллахыг Монголбанкны удирдлагад үүрэг болгожээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Зээлийн мэдээллийн тогтолцоо нь иргэнийг насан туршид нь эдийн засгийн дарамтад байлгах бус, санхүүгийн сахилга бат, төлбөрийн чадварыг шударгаар үнэлдэг тогтолцоо байх ёстой" хэмээн онцолж, Улсын Их Хурал иргэдийн дуу хоолойг сонсоод өнгөрөхгүй, тодорхой хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтийг нь шаардаж ажиллана гэдгийг тэмдэглэлээ.
| УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо | ||
| Үзсэн: 59 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.