Шууд Chart

"Сэлэнгэ-2026" Монгол, Оросын хамтарсан хээрийн сургуулийн нээлт боллоо

2026-07-29 13:51:33

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2026" байлдааны буудлагатай хээрийн сургуулийн нээлтийн ёслол Зэвсэгт хүчний ... дугаар ангийн Сургалтын төвд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хошууч генерал В.А.Белявский, Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташе болон хоёр орны батлан хамгаалахын салбарын төлөөлөгчид оролцлоо.

Хоёр улсын төрийн далбаа болон "Сэлэнгэ" сургуулийн тугийг мандуулж, Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлснээр сургуулийн ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба хэлсэн үгэндээ "Сэлэнгэ" хамтарсан сургууль нь хоёр орны цэрэг эрсийн дайчин нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ. Мөн энэ удаагийн сургууль Монгол, Оросын хамтын бүтээн байгуулалтын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойтой давхцаж байгааг дурдав.

ОХУ-ын талаас сургуулийн удирдагч хошууч генерал В.А.Белявский энэ удаагийн сургуулийг шинэчлэгдсэн хөтөлбөр, агуулгаар зохион байгуулж, хоёр талын цэргийн алба хаагчид харилцан туршлага солилцох боломжийг өргөжүүлж байгааг онцоллоо.

Нээлтийн үеэр Орхон аймгийн "Эгшиглэн" соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, ОХУ-ын талаас орчин үеийн зэвсэг, цэргийн техникийн үзэсгэлэн дэлгэлээ.

Энэ удаагийн сургуульд Монгол Улсын талаас Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Тусгай хүчний бүрэлдэхүүн оролцож байгаа бөгөөд нийт бүрэлдэхүүний 90 орчим хувийг залуу алба хаагчид эзэлж байна.


"Сэлэнгэ-2026" Монгол, Оросын хамтарсан хээрийн сургуулийн нээлт боллоо  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй