АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийж буй дипломат хэлэлцээнд тодорхой хугацаа олгоход бэлэн байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй бол Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Тэрбээр долоодугаар сарын 28-нд Цагаан ордонд Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай уулзахын өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Ираны асуудлаар хоёр улсын хооронд зарим байр суурийн зөрүү байгаа ч ерөнхийдөө ойролцоо байр суурьтай байгааг онцолсон байна.
Дональд Трампын хэлснээр, Ойрх Дорнодын хэд хэдэн зуучлагч улс дипломат ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт тавьсны дагуу АНУ Ираны эсрэг цэргийн цохилтоо түр зогсоосон бөгөөд хэлэлцээгээр ахиц гарна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тохиролцоо бүтэлгүйтвэл "маш хүчтэй цэргийн ажиллагаа" явуулахад бэлэн гэж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар хэлэлцээ Оманы зуучлалаар шууд бус хэлбэрээр үргэлжилж байгаа бөгөөд Катар, Пакистан зэрэг улс дипломат хүчин чармайлтад оролцож байна. Хэлэлцээний гол зорилго нь Ормузын хоолойгоор олон улсын усан тээврийг хэвийн болгох, мөн Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой өргөн хүрээний хэлэлцээг сэргээхэд чиглэж байгаа юм. АНУ-ын тусгай элч Стив Виткофф болон Жаред Кушнер АНУ-ын төлөөллийн бүрэлдэхүүнд багтаж байна.
| Дональд Трамп: Хэлэлцээ бүтэлгүйтвэл Ираны эсрэг цэргийн ажиллагааг сэргээнэ | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.