Шууд Chart

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна

2026-07-24 11:51:58

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, экспортын чиг баримжаатай боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар паркийн дэд бүтцийн гол байгууламж болох 24 МВт-ын дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжийн загвар зураг төслийг Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар батлаад байна.

Мөн иргэд, олон нийтэд ойлголт өгөх, танилцуулах зорилгоор 24 МВт-ын Дулааны цахилгаан станц болон 6700 м3/хоног хүчин чадалтай ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн макетыг бэлэн болголоо. Энэхүү 24 MBт хүчин чадалтай дулааны цахилгаан станц 7.4 га талбайд хэрэгжиж, нийт 38 үндсэн болон туслах барилга байгууламжаас бүрдэх юм. Үүнд зуухны байр, турбин генератор, түлш хадгалах байгууламж, ус бэлтгэлийн цех, насосны станц, цахилгаан дэд станц зэрэг гол объектууд багтаж байна. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хувьд паркт үйл ажиллагаа явуулах арьс шир, ноос, ноолуур, мах, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах үйлдвэрийн бохир ус болон паркийн бүсэд баригдах үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын ахуйн бохир усыг цуглуулан, цэвэрлэх зориулалттай бие даасан байгууламж юм.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 5.8 мянган тонн ноос, 3.0 мянган тонн ноолуур зэрэг түүхий эдийг иж бүрэн боловсруулж, экспортын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Үүнээс гадна 43 мянган тонны хөргүүртэй агуулах, гүн хөлдөөх болон гаалийн баталгаат агуулахууд байгуулснаар логистикийн нэгдсэн сүлжээ бий болно.

Эдийн засгийн үр өгөөжийн хувьд уг төсөл нь 5,600 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болгож, хөрөнгө оруулалтаа 6–7 жилийн хугацаанд нөхөх, жил бүр өндөр хэмжээний экспортын орлого бүрдүүлэхээс гадна малын гаралтай түүхий эдийг хаягдалгүй боловсруулах тойрог эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын төвд байрлах арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр хотын хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, цаашид Эмээлтийн бүсийг үйлдвэрлэл, логистикийн төв болон дагуул хот болгон хөгжүүлэх үндэс суурь бүрдэх юм.


"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй