2026 оны 7-р сарын сүүлийн 10 хоног, 8-р сард зарим нутгаар халах төлөвтэй байгаа тул буудайн ургацаа халуунаас хамгаалах нь чухал юм.
Энэ талаар Ургамал хамгааллын газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Энэхүү зөвлөмжийг 2026 оны 7-р сарын сүүлчийн 10 хоногийн болон 8-р сарын урьдчилсан цаг агаарын мэдээнд үндэслэн боловсруулав. Өнөөдрийн байдлаар зусах буудайн ургалт ихэнх бүс нутгаар түрүүлэх, цэцэглэх, үр цутгах шатанд явагдаж байгаа тул буудайн ургацад шууд нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна.
Манай орны тариалангийн бүс нутгуудад 8-р сард зусах буудай үр тогтолтоос аарцан болон бүрэн болцын үе шатанд шилждэг. Энэ үед агаарын температур +28°C+30°C-аас давж, агаарын харьцангуй чийгшил буурахад буудайн ургамалд халууны стресс үүсэж, фотосинтезийн идэвх саатан, агаарын хуурайшлаас шалтгаалан нүүрс-усны хуримтлал багасан, үрийн болц түргэсэж, 1000 үрийн жин буурах сөрөг нөлөө бий болдог.
Халууны стресст хамгийн эмзэг үе шат
-Түрүү үүсэх болон цэцэглэлтийн эхэн үе: Цэцгийн тоос бүрэлдэж байдаг тул халуунд маш эмзэг үе. Энэ үед халуун тохиовол тоос хүртэх чадвар алдагдаж, хоосон түрүү үүсэх нь нэмэгддэг.
-Цэцэглэлт ба цэцэглэснээс хойших үе: Үр суух, үр тогтолтын хамгийн шийдвэрлэх үе юм. Өндөр температур таримлын ургац бүрдэхэд хамгийн их хөнөөл учруулдаг.
-Үр цутгалтын эхэн ба дунд үе: Цардуул, уургийн хуримтлал, 1000 үрийн жин бүрэлдэх үе тул удаан үргэлжлэх халуун нь ургацын чанар, тоо хэмжээг бууруулдаг.
Халуун өдрүүд үргэлжлэх эрсдэл өндөр бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ
-7-р сарын 24-29-ний хооронд усалгаатай талбайд гадаргын усалгааг эрчимжүүлэх.
-Далайн замгийн экстракт, амин хүчлийн бэлдмэл зэрэг биоидэвхижүүлэгчийг халууны үед 5-7 хоногийн зайтай шүршиж хэрэглэх.
-Гумин/фульвийн хүчил агуулсан бордоо хэрэглэж ус, тэжээлийн элементийн шимэгдэлтийг сайжруулж, стресст тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх.
-Цэцэглэснээс хойш халуун эхлэхээс 1-2 хоногийн өмнө калийн бордоог навчинд урьдчилан шүрших (буудайн халуунд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх бөгөөд навч эрт хөгшрөхөөс сэргийлж, ургацыг нэмэгдүүлдэг).
Зусах буудайнд халууны үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах агротехникийн зөвлөмж
1. Усалгааны системтэй талбайд өдрийн халуун үед (12:00-16:00) бага хэмжээгээр хөнгөн шүршилт хийх нь ургамлын навчны температурыг 2-4°C-аар бууруулж, стрессийг арилгана. Хог ургамал нь хөрсөн дэх чийгийг хамгийн түрүүнд сорж авдаг тул устгасан байх хэрэгтэй.
2. Навчаар бордох ба стресс эсэргүүцэх чадварыг дэмжих - Халууны стресс эхлэхээс өмнө болон аарцан болцын эхэнд кали (K) агуулсан навчны бордоо шүрших нь ургамлын навчны амсрын зохицуулалтыг сайжруулж, усыг ууршуулахаас сэргийлнэ.
3. Халуунд гэмтсэн эсүүдийн нөхөн сэргээх - Амин хүчилтэй биологийн идэвхт бодис, бичил элементүүд (цахиур) агуулсан бэлдмэлийг шүршвэл халуунд гэмтсэн эсүүдийн нөхөн сэргэлтийг хурдасгана.
4. Өвчин, хортон шавжийн хяналт- Халуун, хуурай цаг агаар нь трипс, бясаа болон үр тарианы бөөс, зэв өвчин тархах таатай нөхцөл болдог. Өвчин, хортны тандалтыг 3-5 өдөр тутамд хийж, хөнөөлийн босгын хязгаараас давсан тохиолдолд шууд тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5. Таримлын болц ба ургац хураалтын бэлтгэл:
- Аарцан болцын шатыг тогтмол хянах: Халууны зэрэг өндөр бүс нутгуудад аарцан болцын хугацаа 3-5 өдрөөр наашилж болзошгүй.
-Ангилан болон шууд хураалтын төлөвлөгөө: Халууны нөлөөгөөр буудай жигд бус боловсрох эсвэл үр хэт жижигрэх магадлалтай тул комбайн, ангилан хураагч техникүүдийн тохируулгыг эртнээс хийх.
Эдгээр бэлдмэлүүдийг ялангуяа халуун эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор, эсвэл халууны эхний өдрүүдэд навчинд хэрэглэхэд үр дүнтэй байна. Хэд хэдэн бэлдмэлийг хослуулан хэрэглэх (жишээ нь далайн замаг экстракт + кали) нь ганц бэлдмэл дангаар хэрэглэхээс илүү үр дүнтэй байдаг.
Хослуулж хэрэглэхэд нийлэмжтэй байдлыг шалгах хэрэгтэйг анхаарна уу.

Эх сурвалж: ХХААХҮЯ
| Зусах буудайг халууны стрессээс хэрхэн хамгаалах вэ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.